УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнг танилцуулав
Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнг танилцуулах уулзалтыг УИХ-ын Тамгын газраас санаачлан Төрийн ордны “В” танхимд зохион байгуулав.
Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга Х.Бум-Эрдэнэ, Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Л.Дулмаа болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийх аргачлалын талаар танилцуулж, “Онч шийдэл” төрийн бус байгууллагын судлаач А.Зоригтбаатар УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнг мэдээлэв.
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэхэд улсын хэмжээнд нийт төрийн 124 байгууллагыг хамруулсан бөгөөд тэдгээрийн 7 нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага юм. 2014 оны үнэлгээгээр Сонгуулийн ерөнхий хороо 72, Төрийн албаны зөвлөл 71.2, Санхүүгийн зохицуулах хороо 64.7, Үндэсний аудитын газар 63.2, Хүний эрхийн үндэсний комисс 62.1, Үндэсний статистикийн хороо 48.3, Монголбанк 44.5 гэсэн оноо тус тус авчээ. Энэ нь нийт дүнгээрээ өмнөх 2013 оныхоос 10 хувиар өссөн үзүүлэлт юм.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс хангалтгүй үнэлгээ авсан байгууллагууд үйл ажиллагаандаа анхаарах хэрэгтэй. Авлигатай тэмцэх газар энэ уулзалтаар яригдсан асуудлууд болон Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан үнэлгээний аргачлалаа шинэчлэх шаардлагатай” гэж хэллээ.