Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-ын Авлигын эсрэг Иргэний эрхийн хороонд ажлын айлчлал хийлээ /2013.01.25/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 1 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд БНСУ-ын Авлигын эсрэг Иргэний эрхийн хороонд ажлын айлчлал хийгээд ирлээ.
Уг айлчлалын хүрээнд хоёр талын удирдлагууд өмнө байгуулсан авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг сунган, гарын үсэг зурав.
Мөн төлөөлөгчид БНСУ-ын Авлигын эсрэг Иргэний эрхийн хорооны дарга Ли Сон Бу, дэд дарга, Тамгын хэлтсийн дарга Пак Жэ Ёон болон Төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга Ким Сан Шиг, Авлигын эсрэг товчооны дарга Пак Ке Уг нартай уулзаж, авлигатай тэмцэх чиглэлээр явуулж буй хоёр улсын төр, засгийн бодлого, шинээр батлагдсан хуулиудын талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
Төлөөлөгчид тус улсын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны Ёс зүйн товчооны орлогч дарга, ноён Рю Хан Соктай төрийн албаны ёс зүйн тогтолцоо болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар харилцан санал солилцож, цаашид туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид Чонжу хотын Шударга ёсны сургалтын хүрээлэнд айлчилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан санал солилцож, жил бүр зохион байгуулдаг шударга ёсны сургалтад Монголын талаас суралцагчид хамруулахаар харилцан тохиролцож, хүндэтгэлийн дэвтэрт тэмдэглэл үлдээсэн байна.