“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж байна /2012.12.10/
Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо хамтран НҮБ-аас тунхагласан жил бүрийн 12 дугаар сарын 9-ний Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан төрийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж байна.
Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа гэдгийг олон улсын туршлагаас харж болох юм. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын удирдлагын хүсэл зориг, нийтийн албан тушаалтнуудын идэвх чармайлт голлох үүрэгтэй байдаг.
Тиймээс төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлүүдээс ангид байхаа илэрхийлсэн албан тушаалтнуудын амлалтыг цуглуулж эхлэв.
Одоогийн байдлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газрын алба зэрэг байгууллагууд хамрагдаад байна.
“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т төрийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр хамрагдахыг уриалж байгаа бөгөөд уг дэвтрийг өөрийн байгууллагадаа аялуулахыг хүсвэл Авлигатай тэмцэх газрын 70112467 дугаарын утсаар холбогдоно.