Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:
Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтны ХАСХОМ-ийг хуульд заасан хугацаанд гаргуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ХАСХОМ-т төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянах, Мэдүүлгийн ил тод байдлын цахим системийг хөгжүүлэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг мэдээлэл, арга зүйгээр ханган үйл ажиллагаанд нь хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Мөн аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс ирсэн авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчлийг тогтоож, шийдвэрлэн ажиллаж байна.