Авлигын эсрэг олон улсын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв
Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. Одоогоос 11 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ.
Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд 8 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ.
Авлигыг таслан зогсоох, устгахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг чухалчлан үзэж, энэ жил авлигын эсрэг өдрийг дэлхий дахинаа “Авлигын гинжийг тасалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Конвенцид нэгдсэн гишүүн орон бүр Авлигын эсрэг Конвенциар хүлээсэн үүргээ сурталчлах, хүүхэд залуучуудад шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас энэ өдрийг угтан “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сэдэвт аяныг бүтэн жилийн турш улс орны хэмжээнд зохион байгуулсан юм. Аяны хүрээнд мэдүүлгийн бүрдүүлэлт хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд болон орон нутгийн төрийн албан хаагчид, иргэдэд зориулсан олон талт сургалт, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг оролцуулан “Би дүүдээ шударга ёсыг тайлбарлаж өгсөн” эссе бичлэгийн уралдаан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн багш нарын дунд зарласан шударга ёсны сэдэвт хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан, их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, авлига ба ашиг сонирхлын зөрчлийн сэдвээр бэсрэг жүжиг бэлтгэн олон нийтэд хүргэлээ.
Сонирхуулахад, Конвенцийг баталсан оныхоо 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод хүндэтгэлтэйгээр байрлуулан, түүнд дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсгээ зуржээ. Түүнээс хойш 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улс орон гарын үсгээ зурахад нээлттэй үлдээсэн байдаг юм. Авлигын эсрэг олон улсын өдрийг 12 дугаар сарын 9-нөөр тогтон зарласан нь ч үүнтэй холбоотой юм байна.