Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл мэдэгдэл гаргалаа /2012.04.17/
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь хуульд заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, олон нийтэд авлигын хор хөнөөлийн талаар ухуулан таниулах, авлигаас ангид нийгмийн орчинг бий болгох, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой.
2012 оны 4 дүгээр сарын 13-нд сэжигтэн Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар сэжигтнээр тооцон Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжийг биелүүлж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хуулийн дагуу ажилласныг онцлон тэмдэглэж байна.
Энэ үйл явцад төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд шүүхийн захирамжийн дагуу ажиллагаа гүйцэтгэхээр очсон Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын эсрэг галт зэвсэг гарган эрх чөлөөнд нь халдсанд харамсаж байна.
Монголын төрийн өндөр албан тушаалд шат дараалан суусан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь төрийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлэн завшиж, албан тушаал эрх мэдлээ ашиглан төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлүүдэд сэжигтнээр тооцогдон шалгагдах хүртлээ бүхэл бүтэн авлигын сүлжээг бий болгож, улмаар төрийн өндөр албан тушаал хашиж байх үед нь газрын наймаа цэцэглэж, Монгол орны байгалийн баялаг, ашигт малтмалын нийт лицензийн 70 хувь нь олгогдож, уул уурхай дахь хууль бус үйлдэл дээд цэгтээ хүрсэн билээ. Түүнчлэн сэжигтэн Н.Энхбаяр нь өөрийгөө хамгаалах улс төрийн нам байгуулж, албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж TV9 хэмээх арилжааны телевизийг байгуулж, олон нийтэд нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээлэл түгээсээр өнөөдрийг хүрлээ.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын өмнөх удирдлагуудаас авлигач төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгахыг удаа дараа шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй юм. Харин Авлигатай тэмцэх газрын өнөөгийн удирдлагууд хууль дээдлэх зарчмаар шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэхийн тулд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
Авлигатай тэмцэх нь хүнд хэцүү ажил бөгөөд Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн улс орнуудаас 120 дугаар байранд жагсаж сэтгэл түгшээж байгаа нь Монгол хүн бүрийг авлигын эсрэг хамтдаа тэмцэх, төрийн өндөр албан тушаалтан жирийн иргэд хэн боловч хуулийн өмнө адил тэгш байх, хууль дээдлэх зарчмаар ажиллахыг нийтэд иргэддээ уриалж байгаагаа мэдэгдэе.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл
2012 оны 4 дүгээр сарын 17