Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлээ мэдээлдэг болно /2012.05.11/
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын гаргасан 74 дүгээр тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам” батлагдлаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журмыг Авлигатай тэмцэх газар батална” хэмээн заасан билээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэсэн сахилгын шийтгэл /сахилгын шийтгэл гэдэгт сануулах, цалинг хуульд заасан тодорхой хувь хэмжээгээр бууруулах, албан тушаал бууруулах, албан тушаалаас чөлөөлөх, нийтийн албанаас халах г.м арга хэмжээ орно/-ийг тухайн албан тушаалтан өөрийн зардлаар холбогдох этгээд болон нийтэд мэдээлэх харилцааг уг журмаар зохицуулжээ. Холбогдох этгээд гэдэгт тухайн албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар мэдээлсэн, мөн гомдол гаргасан, дээрх үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болон өөрийн харьяалах дээд шатны байгууллагын удирдлага, бусад албан хаагчдыг ойлгох бөгөөд нийтэд мэдээлэх гэдэг нь өдөр тутмын сонинд нийтлүүлэх, байгууллагынхаа цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулахыг хэлж байгаа юм.
Албан тушаалтанд хүлээлгэсэн сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газар ажлын 10 хоногийн дотор хүлээн авч, нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Ийм журам хэрэгжүүлснээр нийтийн албанд ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргуулахгүй байх, албан тушаалтан хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой ажээ.
Авлигатай тэмцэх газар уг журмыг төрийн нийт байгууллагуудад хүргүүлж, журмын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хэрэгжүүлж байна.