Хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчил гаргасан 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулав /2012.05.30/
Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу хянах, дүн шинжилгээ хийх ажлыг явуулж, түүнээс гарсан мэдээлэлд үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.
2012 оны эхний 5 сарын байдлаар гааль, мэргэжлийн хяналт, газрын алба, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нийт 70 албан тушаалтанд хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчлийн чиглэлээр хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулаад байна. Үүнээс 33 албан тушаалтанд сануулах, 19 албан тушаалтанд цалинг бууруулах, 2 албан тушаалтанд халах, 1 албан тушаалтныг огцруулах арга хэмжээг авсан байна. Мөн 1 албан тушаалтанд торгох, 2 албан тушаалтанд анхааруулах арга хэмжээг авчээ.
Хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл, Х.Бадамсүрэн, Л.Гүндалай, А.Тлейхан, С.Оюун, Д.Арвин нар хөрөнгө, орлогын мэдүүлгээ тодорхой зөрчилтэй мэдүүлснийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар хүргүүлээд байна.
Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавьж, нэр бүхий албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгахад нэлээд зөрчил дутагдал илэрсэн. Тухайлбал, Дорноговь аймгийн Прокурорын газрын сум дундын ахлах прокурор Ц.Дангаасүрэн, Дархан-Уул аймгийн прокурор Б.Дашням, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга байсан А.Эрдэнэбаяр, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Б.Баттулга, мөн аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга Д.Ганзориг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан, Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга С.Мөнхтамга нар нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө /орон сууц, автомашин, компани, хуулийн этгээдийн хувь, хувьцаа эзэмшил/, тодорхой орлого, зээл, хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй тул зөрчил гэж үзэн Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас шийдвэрлэж, арга хэмжээ авахуулахаар Улсын ерөнхий прокурор болон Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлээд байна.
Авлигын эсрэг хууль шинэчлэгдсэнээр хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой гарч буй зөрчил нь хууль бусаар хөрөнгөжих авлигын зөрчил болон хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг агуулж байгаад Авлигатай тэмцэх газраас анхааран ажиллах болно.