Авлигатай тэмцэх газар
Авлигатай тэмцэх газар сард 2 удаа буюу 14 хоног тутамд олон нийтэд зориулж мэдээлэл хийж байгаа билээ. Энэ удаад илүү өргөн хүрээг хамрах зорилгоор “Авлигын эсрэг хамтдаа” сэдэвт арга хэмжээг зохион байгуулна.
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, арга зүйн зөвлөгөө өгөх, гомдол мэдээлэл хүлээн авах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна.
“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулан сурталчлахын зэрэгцээ албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар зөвлөгөө өгч, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулан, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах юм. Түүнчлэн төрийн байгууллагуудын “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг танилцуулах, уг төлөвлөгөөний өөрийн үнэлгээг боловсруулахад арга зүйн туслалцаа үзүүлнэ.
Арга хэмжээ 2012 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 11.00 цагт “Чингис” зочид буудлын III давхрын хурлын танхимд эхэлнэ.