ХОМ-ийн хяналт шалгалтын үйл ажиллагаа 2012 оны эхний хагас жилд /2012.08.02/
Авлигатай тэмцэх газраас 2012 оны эхний хагас жилд албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдээлж байна.
Улсын хэмжээнд 47 мянга гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргана
Улсын хэмжээнд 2012 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтээр нийт 58000 гаруй албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 05 тогтоолоор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг баталснаар мэдүүлэг гаргах албан тушаалтны хүрээ хумигдаж, 47000 гаруй албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргахаар болоод байна.
3116 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянав
2012 оны эхний хагас жилд 3116 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, 225 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгасан байна. 86 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн зөрчил болон бусад зөрчил илрүүлснийг үндэслэн холбогдох байгууллагуудын удирдлагаас зөрчил гаргагчдад сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнээс сануулах 39, үндсэн цалинг 1-3 сарын хугацаагаар бууруулах 42, ажлаас халах 3, ажлаас чөлөөлөх 1, бусад арга хэмжээ 1-ийг тус тус авчээ.
Нийтийн албанд шинээр томилогдсон 564 албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5, 23.6 дахь хэсэгт нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд ажилд томилогдохоос өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гарган, томилох эрх бүхий байгууллага уг мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулахаар заасан. Үүний дагуу нийтийн албанд томилогдох иргэдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгүүдийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч хянан, зохих хариуг хүргүүлж байна. Хууль хүчин төгөлдөр болсноос эхлэн нийт 100 байгууллагаас 564 албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахаар ирүүлснээс 534 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын зөрчлийн талаар дүгнэлт гарган, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлээд байна. Гэтэл хуулийн дээрх зохицуулалтыг зөрчин, албан тушаалд томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргуулж, Авлигатай тэмцэх газарт хянуулахаар ирүүлэх тохиолдол гарч байна. Тухайлбал, сонирхлын зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш Дорноговь аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд 8, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 3 албан хаагчийг ажилд томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахаар ирүүлсэн байна.
Мөн Гаалийн ерөнхий газраас 13 иргэнийг нийтийн албанд томилохоор нэр дэвшүүлж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлснээс 6 нь мэргэшлийн шалгалтад тэнцээгүй байсныг Төрийн албаны зөвлөлд хянуулахаар шилжүүлээд байна. Түүнчлэн Засгийн газрын зарим агентлагуудад даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид албан хаагчийн шилжилт хөдөлгөөн, томилох асуудлыг шийдвэрлэх байдал нэлээд ажиглагдаж байна.