Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНХАУ-д айлчилж байна /2012.02.20/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНХАУ-ын Хяналт шалгалтын сайд бөгөөд Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга, хатагтай Ма Вэнийн урилгаар БНХАУ-д энэ сарын 19-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Авлигатай тэмцэх газар олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, авлигатай тэмцэх талаар бусад улс орны туршлагыг судлах, суралцахад анхаарч ажилладаг. Энэ зорилт, үйл ажиллагааныхаа хүрээнд БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газартай 2008 оноос ажлын холбоо тогтоон хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагын хооронд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулсан санамж бичгийн дагуу НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх талаар харилцан мэдээлэл солилцох, техникийн туслалцаа үзүүлэх, ажилтнуудаа сургах зэргээр ажилладаг юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар оржээ.
БНХАУ нь төрийн бодлогоо улс орны эдийн засгийг хөгжүүлэх, авлигатай тэмцэх зэрэг асуудлуудад хандуулдаг бөгөөд авлигатай амжилттай тэмцэх асуудлыг улс орныхоо оршин тогтнохын үндэстэй адилтган авч үздэг байна. Тиймээс Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрыг байгуулж, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг орон даяар зохион байгуулах, авлигатай тэмцэх бодлого боловсруулах, хянан шалгах удирдамжийг гаргах, хэрэгжилтийг нь хянах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нийгмийн бусад салбарт заавар, чиглэл, зөвлөгөө өгөх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар олон улсын түвшинд хамтран ажиллах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ажээ. БНХАУ-ын Хяналт шалгалтын яам нь төвдөө 1000 гаруй албан хаагчтай, 30 орчим албан хаагч нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах ажлыг дагнан хариуцаж ажилладаг. Муж хотуудад ажиллаж буй 300 мянга гаруй албан хаагчийн хүчээр улсынхаа хэмжээнд авлигын нөхцөл, шалтгааныг арилгах, таслан зогсоох, хүнд сурталтай тэмцэх, төрийн албыг цэгц шударга хаших чиглэлийн арга хэмжээг эрчимтэй зохион байгуулдаг юм байна.