“Ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид авлигын эсрэг” нээлттэй хэлэлцүүлэг болов /2008.03.12/
Авлигатай тэмцэх газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид авлигын эсрэг” нээлттэй хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний төвийн сургалтын танхимд 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд нар “Авлига, хүнд сурталтай тэмцэхэд Авлигатай тэмцэх газрын үүрэг, оролцоо”, “Төрийн үйл ажиллагаан дахь түшмэлээс хамаарсан хүнд суртал, түүнийг арилгах арга зам”, “Авлига, хүнд сурталтай тэмцэхэд ажил олгогч эздийн оролцоог нэмэгдүүлэх нь” зэрэг илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүллээ. Нээлттэй хэлэлцүүлэг нь “Хүнд суртал, чирэгдлийг үүсгэж буй хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг өөрчлөх хэрэгцээ, шаардлага”, “Авлига, хүнд суртал үүсгэж буй эрх бүхий түшмэдийн харьцаа, үйл ажиллагааг сайжруулах нь” сэдвийн дор хоёр салбар хуралдаанаар үргэлжлэв.
Зөвлөлгөөнөөр бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд төрийн байгууллагын үйлчилгээн дэх хүнд суртал, авлигын нөхцөл, шалтгааны талаар ярилцаж, тодорхой санал санаачилга гарган түүнийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.