Орон нутгийн сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзав /2012.03.13/
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар өнөөдөр Төрийн ордонд болсон Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбооны ээлжит уулзалт семинарт оролцож “Авлигатай тэмцэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.
2004 онд байгуулагдсан Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо нь эгнээндээ 150 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага, 500 орчим сэтгүүлч, сурвалжлагчийг нэгтгэсэн, бусад мэргэжлийн холбоодоос хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ удаагийн ээлжит уулзалт семинарт орон нутгийн телевизүүдийн захирал, сонинуудын эрхлэгч, мөн Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн салбар зөвлөлийн дарга нар оролцож байгаа ажээ. Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Авлига гэдэг зүйлийг хязгаарладаг, энэ үзэгдэлтэй тэмцдэг хоёр систем бий. Нэг нь хараат бус шүүх, нөгөө нь ёс зүйтэй, бодит баримтад тулгуурлан бичдэг, хариуцлагатай хэвлэл, мэдээлэл юм. Энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөж эхлэх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд та бүхний үүрэг оролцоо тун чухал. Ялангуяа орон нутагт ажиллаж байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагуудын захирал, эрхлэгч та бүхэн нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх асуудалд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлж, Авлигатай тэмцэх газартай идэвхтэй хамтран ажиллахыг хүсье” гэлээ.
Орон нутагт хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал байдаг. Жишээлбэл, орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар асуудал хөндсөн мэдээлэл цацахад ямар нэгэн байдлаар өөрсдөө хохирч үлдэх, төрийн албан тушаалтнуудыг шүүмжилснийхээ төлөө хараат бус байдлаа зөрчүүлж байдаг нь орон нутагт ажиллаж буй сэтгүүлчдийн өмнө тулгамдсан асуудал болсоор байна. Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбооны гишүүдийн зүгээс сүүлийн үед уул уурхайн салбар хөгжихийн хэрээр албан тушаалаа урвуулан ашиглах явдал Засаг дарга нарын түвшинд илүүтэй яригдаж байгаа тул Авлигатай тэмцэх газрын салбарыг орон нутагт байгуулах шаардлагатай талаар саналаа хэлэв.
Тус холбооны тэргүүн С.Шаравдорж “Авлигыг хор хөнөөлөөр нь том, жижиг гэж ялгадаггүй байх. Том нь томоороо, жижиг нь жижгээрээ байдаг ч олон жижиг нийлбэл нэг томоос ч илүү хөнөөлтэй гэж ойлгож байна. Тиймээс орон нутагт илүү түгээмэл тохиолдож байгаа олон жижиг хор хөнөөлийг арилгаж, түүнээс урьдчилан сэргийлэхийн төлөө хамтран ажиллахад манай холбооны гишүүн байгууллагууд үргэлж бэлэн байна” гэлээ.