May 01, 2012         4

Монгол хүүхдүүдийн шударга байдалд хийсэн судалгааны дүн гарлаа /2012.04.03/

Авлигатай тэмцэх газар Хүүхдийн төлөө газартай хамтран хүүхдүүдийн шударга байдлын түвшинд судалгаа явуулж, дүнг нэгтгэн гаргалаа. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн дунд зан үйлийн зөв төлөвшил, ёс суртахуун ямар түвшинд байгааг тандах зорилго бүхий энэ судалгааг өмнө нь 2008 болон 2010 онд явуулж байсан юм. Судалгаанд Дорноговь, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Орхон, Хөвсгөл аймаг, нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн 851 сурагчийг хамруулжээ.

“Хүүхдийн шударга байдал-2012” судалгааны дүнгээс үзэхэд хүүхдүүдийн шударга байдлын ерөнхий үнэлгээ 2.93 пункттэй гарсан бөгөөд 2008 онд 6.64 пункт гарч байсантай харьцуулбал нэлээд буурсан үзүүлэлт (-3.71) ажээ. Судалгааны асуултуудыг маш энгийн, хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар боловсруулсан бөгөөд шударга байдлын үнэлгээг нас, хүйс, анги, байршил гэх мэт хүчин зүйл бүрээр нарийвчлан гаргасан байна. Тухайлбал, 16 настай хүүхдүүд (3.20) болон 10 дугаар ангийн сурагчдын (3.3) шударга байдлын үнэлгээ бусдынхаасаа илүү өндөр байх ажээ. Тэгвэл орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн (-0.33) шударга байдлын үнэлгээ өмнөх судалгааны дүнгээс буурсан, эрэгтэй хүүхдийн шударга байдлын үнэлгээ эмэгтэй хүүхдийнхээс 0.29 пунктээр илүү байна.

Хүүхдүүдийн шударга байдлын түвшинг тодорхойлохдоо ёс зүй, зөв төлөвшил, хууль ягштал сахих, авлигыг үл тэвчих гэсэн 4 бүлэг бүхий танин мэдэхүй, нөлөөлөл, зан үйлийн гэсэн 3 дэд үзүүлэлтүүдээр үнэлжээ. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны танин мэдэхүйн дэд үзүүлэлтийг илтгэх “Сурагчид гэрийн даалгавар хийхдээ интернэт болон бусад хүмүүсийн бичсэн зүйлийг хуулчихаад багшдаа би бичсэн гэж хэлэх нь буруу зүйл биш” гэдгийг хүлээн зөвшөөрөх хүүхдүүд өмнөхөөс нэмэгдсэн байна. Түүнчлэн “Баян байх нь шударга байхаас илүү чухал зүйл”, “Урт дараалалд хүлээж байснаас урдуур нь дайрч кинондоо хурдан орохыг хичээнэ”, “Ангийн дарга болохын тулд ангийнхандаа бэлэг өгөх нь буруу зүйл биш” гэдэгтэй санал нийлэхгүй хүүхэд цөөрснийг судалгааны дүн үзүүлж байна. Харин “Авлига авсан, хулгай хийсэн, хүн зодсон гэх мэт гэмт хэрэг үйлдсэн хүнийг би эрх бүхий байгууллагад нь хэлнэ”, “Манай аав, ээж, ах, эгч төрийн байгууллагад ажилладаг. Тэд албан тушаалаа ашиглан баян болох нь буруу зүйл биш” гэж үздэг хүүхдүүдийн эзлэх хувь өмнөх оныхоос тэгтлээ буураагүй байгааг судалгааны дүнгээс харж болохоор ажээ.

Судалгааг ЭНД ДАРЖ үзнэ үү!

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us