Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт мэдээлэл хүргүүлэв /2012.04.16/
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт албан бичиг хүргүүлэв. Уг албан бичигт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан иргэн Н.Энхбаярыг эрүүгийн дугаар хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Н.Энхбаярыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу нийт 10 удаа зарлан дуудах хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн байцаалтад ирэхгүй, байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулж байсан. Үүссэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын явц, үр дүн, цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу хяналт тавьж буй прокурор, улмаар шүүхэд танилцуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 119/с дугаартай “Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж гарч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу сэжигтэн Н.Энхбаярыг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн тухай дурдаад хуулийн хүрээнд явуулж буй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан УИХ-ын зарим гишүүн болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, албан хаагчдын талаар мэдээлсэн байна.
УИХ-ын даргад хүргүүлсэн мэдээлэлд, уг ажиллагааны явцад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар хүрэлцэн ирж, сэжигтэн Н.Энхбаярын гэрт нэвтрэн, сэжигтэнтэй хамт байсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид сэжигтний гэрт үзлэг, нэгжлэг хийхээр нэвтэрч үзлэг, нэгжлэгийн газрыг чөлөөлж өгөхийг хэд хэдэн удаа шаардахад гишүүн Ц.Шинэбаяр албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагч нарт салаавч гаргах, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатад “Чамайг өөдтэй явахыг чинь харнаа” гэж үгээр заналхийлж түүний биед халдсан буюу нүүр духанд хуруугаар чичиж, нуруу руу нь 3-4 удаа цохиж, ажиллагаа явуулж байсан албан хаагчдыг хэл амаар доромжлохзэргээр ёс зүйгүй харьцаж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл хийж, зохисгүй авир гаргаж байсан гээд Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчиж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан дээрх нэр бүхий гишүүдийн үйлдлийг анхааралдаа авч, холбогдох арга хэмжээ авна гэдэг найдаж байна гэжээ.
Харин Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн мэдээлэлд, албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхээс өмнө Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Л.Батзоригт Н.Энхбаярыг сэжигтнээр тооцсон тухай албан бичгээр удаа дараа мэдэгдсэн, мөн өдөр дуудан хэлсээр байхад төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид хуулийн дагуу шаардлага тавьсан Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн шаардлагыг үл биелүүлээд зогсохгүй эсэргүүцэж хоолойндоо сумтай галт зэвсэг хэрэглэхийг завдсан, Л.Батзоригийн өгсөн үүргийн дагуу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтыг 9 хүнээр нэмэгдүүлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан гээд дээрх байгууллагын албан хаагчдын үйлдэл нь хуульд нийцэхгүй байх тул асуудлыг анхааралдаа авна гэдэгт найдаж байна гэжээ.