Дунд сургуулийн багш нарт “Авлигын эсрэг боловсрол” эзэмшүүлж байна /2012.02.07/
Авлигатай тэмцэх газар хүүхэд, өсвөр, залуу үеийнхэнд шударга ёсны үзлийг төлөвшүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд АНУ-ын Азийн сантай хамтран ерөнхий боловсролын сургуулийн “Иргэний боловсрол” хичээлээр дамжуулан “Авлигын эсрэг боловсрол” сэдэвт багшийн гарын авлагыг боловсруулж, нийслэлийн 22 сургуулийн түүх, нийгмийн ухааны 40 багшид туршилтын сургалт зохион байгуулж байна.
“Авлигын эсрэг боловсрол” гарын авлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас батлан гаргасан түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт, түүний зөвлөмж, агуулгын үлгэрчилсэн хүрээнд багш Ч.Алтангэрэл, Л.Алтанзаяа, У.Туяа нар боловсруулсан бөгөөд сурагчдын сурах үйлийг дэмжсэн оролцооны аргуудыг түлхүү тусгахыг эрмэлзжээ. Энэ нь сурагчдад бие даан бүтээлчээр ажиллах, өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэх, нийгмийн амьдралын хэм хэмжээ, дүрэм журамтай танилцан, нийгэмших чадварыг төлөвшүүлэхэд тустай юм. Авлигатай тэмцэх газар энэхүү гарын авлагыг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн зарим сургуулийн сургалтад хэрэглэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Боловсролын газартай хамтран эхний ээлжинд туршилтын хичээлийг зохион байгуулж байна.
Туршилтын хичээлийг нээж, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлсэн үгэндээ “Улс орны ирээдүй хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд шударга ёсны ойлголт, зарчим, үнэт зүйлсийн талаар мэдлэгийг олгож, цаашдын ажил, амьдралдаа баримтлах итгэл үнэмшил болгох, шударга бус зүйлд хууль ёсны хариу үйлдэл үзүүлэх чадварыг төлөвшүүлэх нь өнөөгийн зорилт, маргаашийн хөрөнгө оруулалт болно. Манай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрт авлигын ойлголт, хор хөнөөл, түүнтэй тэмцэх арга зам болон шударга ёсны тухай ойлголт, мэдлэг олгох тусгайлсан хичээл тусгагдаагүй, энэ сэдвээр сургалт явуулах багшийн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйн зөвлөмж хангалтгүй байдгийг харгалзан үзэж, Авлигатай тэмцэх газраас санаачлан боловсруулсан “Авлигын эсрэг боловсрол” гарын авлагад дурдсан агуулгыг шавь нартаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцохыг хүсье” гэлээ.
Хүүхэд, залуучуудад авлига болон шударга бус байдлыг үл тэвчих үзэл санаа, шударга зан үйлийг төлөвшүүлэх, улмаар амьдралынх нь хэвшил болгох зорилго агуулсан энэ арга хэмжээнд Их Британийн Элчин сайд өөрийн биеэр оролцож, туршилтын хичээлд хамрагдаж буй ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нартай уулзах юм байна.