Х.ТЭМҮҮЖИН: Сонирхлын зөрчлийн тухай хууль бол авлигаас урьдчилан сэргийлэх хууль юм /2012.02.08/
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар ярилцав.
-Төсөл өргөн баригдсанаасаа хойш 13 сарын дараа батлагдлаа. Ерөнхийдөө Сонирхлын зөрчлийн гэх нэр аваад байгаа шинэ хуулийн үзэл баримтлалын талаар ярилцлагаа эхлэх үү?
-Сая 1 дүгээр сарын 19-нд Сонирхлын зөрчлийн хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдлаа. Энэ хуулийн гол зорилго нь авлигатай хийж байгаа тэмцлийг эрчимжүүлэх, нөгөө талаар авлига гэдэг үзэгдэлтэй бүх фронтоор яаж тэмцэж болох вэ гэдгийг тодорхойлох юм. Сонирхлын зөрчил бүхий шийдвэрүүдийг ямар албан тушаалтан гаргаж байгаа, орчин нь хаана илүү түгээмэл байна вэ гэдгийг Сонирхлын зөрчлийн тухай хуулиар зохицуулах, тодорхой хэмжээний зохион байгуулалт, удирдлагыг хэрэгжүүлэх замаар хэрвээ сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээлгэхээр байгаа. Үндсэндээ бол авлигаас урьдчилан сэргийлэх хууль гэж хэлж болно. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлнэ, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргуулахаас зайлсхийнэ, албан тушаалтнууд сонирхлын зөрчилд орохоор бол түүнийгээ заавал мэдүүлдэг болно, мэдүүлэхгүй тохиолдолд хариуцлага тооцно гэсэн үг. Энэ хуулийг дагаад хувийн сонирхлын мэдүүлэг бөглөх шаардлагатай болж байгаа. Үүгээр хэн гэдэг албан тушаалтан хаана яаж ажиллаж байна, бизнес нь юу вэ, ямар тохиолдолд сонирхлын зөрчил байж болох вэ, хамаатан садан нь аль салбарт ажиллаж байна вэ гэдгийг тодорхойлж болно. Нөгөөтэйгүүр албан тушаалтнуудаас сонирхлын зөрчилгүйгээ илэрхийлсэн нэг удаагийн мэдүүлэг авна. Энэ нь эрх ашгийн хувьд болон мөнгөн дүнгийн томоохон шийдвэр гаргахын өмнө албан тушаалтнууд “Би сонирхлын зөрчилгүй” гэдгээ илэрхийлж мэдүүлэг гаргахыг шаардана гэсэн үг. Үүнийгээ худал мэдүүлбэл авлигын хэрэгт шалгагдана. Сонирхлын зөрчлийн тухай хууль бол үндсэндээ авлига үүсэх хөрсийг алга болгох, авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой.
-Сонирхлын зөрчлийн хуулийг дагалдан орсон бусад хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаар ярина уу.
-Авлигын эсрэг хууль нь сонирхлын зөрчлөөс даамжирч тодорхой хэмжээнд эдийн болон эдийн бус ашиг хүртээд эхэлж байгаа нөхцөлд зохицуулалт нь үйлчилж эхэлнэ. Та албан тушаалаа ашиглаж, эрх мэдлээрээ далайлган өөрийн удирдаж буй албан хаагчдын хууль ёсны үүргээ гүйцэтгэж байхад нь саад учруулах, эсвэл өөртөө үйлчлэхийг шаардвал авлига гэж үзнэ гэх мэтээр найман төрлийн үйлдлээр авлигын үйлдлийг зааж өгч байгаа. Үүн дотор шинээр үндэслэлгүй хөрөнгөжих хүртэл орно. Авлигын эсрэг хуульд зургаан сарын цалингаасаа давсан ямар арга замаар олсноо тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэхээр зааж өгсөн. Тиймээс Сонирхлын зөрчлийн тухай хуулиа дагаад өөрчлөгдөж байгаа Авлигын эсрэг хуульд зааснаар бол гэмт хэрэг болоогүй үйлдэл бүхэн нь ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэнэ. Хариуцлага нь тодорхой. Өмнө нь Авлигын эсрэг хуульд хариуцлага бол салаа утгатай байсан. Төрийн албаны тухай хуульд зэрэгцээ хариуцлагуудыг заагаад өгчихөөр алийг нь хэрэглэх вэ гэдэгт маргаан гарч, албан тушаалтнууд ихэнх тохиолдолд өөрсдөдөө ашигтай байдлаар хэрэгжүүлдэг байсан бол одоо Авлигын эсрэг хуульд заасан үйлдлүүдтэй ижил түвшний үйлдэлд Төрийн албаны тухай хуульд байгаа хариуцлагыг хүчингүй болгож байгаа. Авлигын эсрэг хууль болон Сонирхлын зөрчлийн хуулиар хориглосон үйлдэл гаргасан бол зөвхөн энэ хоёр хуульд тусгасан хариуцлагыг тооцохоор болж байна. Авлигын эсрэг хуульд ямар хариуцлага зааж өгсөн бэ гэхээр албан тушаалаас нь бууруулна, бууруулах боломжгүй, магадгүй төрийн албаны хамгийн доод албан тушаал хашиж байгаа, эсвэл сонгогддог албан тушаалтан бол цалинг нь 3 сарын хугацаатайгаар 30 хувь бууруулна, энэ үйлдлээ дахин гаргасан бол төрийн албанаас халах юм.
Энэ хуультай дагалдан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Зарим тохиолдолд албан тушаалын тодорхой заасан гэмт хэргийг нотлох гээд үйлээ үздэг, тухайлбал хээл хахууль авсан байлаа гэхэд хээл хахуулийг чухам хэн өгсөн бэ, яг юу авсан байна вэ гэдгийг нотлохыг шаардаж байдаг. Гэтэл эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хувьд үйлдэл нь нотлогдохгүй ч үр дүн нь нотлох нөхцөл байдал бий. Энэ бол хөрөнгөжих, баяжих гэдэг ойлголт. Төрийн албанд ажиллаж, цалингаасаа өөр орлогогүй мөртлөө бусад төрийн албан хаагчдаасаа хавьгүй илүү чинээлэг амьдарч байгаа хүмүүс бий. Энэ нь олон нийтийн төрийн албан хаагчдад итгэх итгэлийг сулруулах, нийгмийн шударга ёсонд эргэлзээ үүсгэдэг. Тийм учраас үүнийг авлигатай тэмцэх зорилгын хамгийн чухалд тооцож, гом цөм болгон авч үзэх ёстой. НҮБ-аас баталсан Авлигын эсрэг Конвенцид ч үүнийг чухалчлан заасан байдаг. Тэгэхээр Монгол Улс 1 дүгээр сарын 19-нөөс эхлэн Эрүүгийн хуулиараа үндэслэлгүй хөрөнгөжих нь гэмт хэрэг гэж зааж өгч байна. Гэхдээ их хэмжээний болон онц их хэмжээний гэдэгт эрүүгийн хэрэг нь үүсгэгдэж байгаа. Энэ нь ойролцоогоор 16-17 сая төгрөгөөс эхэлж байгаа. Ийм хэмжээний хөрөнгөтэй, гэхдээ үүнийгээ хаанаас яаж олсноо тайлбарлаж чадахгүй байгаа бол үндэслэлгүй хөрөнгөжих гэж үзээд эрүүгийн гэмт хэрэгт тооцож ял эдлүүлэхээр болж байгаа. Тийм учраас энэ хуулиуд гарснаар авлигачдын хувьд халгаатай, шударгаар албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг хамгаалах тогтолцоо бүрдэж байна гэсэн үг.
-Та нийтийн алба гэх нэр томъёог Монгол Улсад цоо шинээр гаргаж ирж байна. Энэ ойлголтын талаар тайлбарлаж өгнө үү?
-Сая Сонирхлын зөрчлийн хуулиар хуульчлагдаж байгаа шинэ ойлголт бол нийтийн алба. Өмнө нь бид төрийн алба гэдэг ойлголтоор бүхнийг хязгаарладаг байсан. Гэтэл нийтийн эрх ашиг гэдэг бол ганцхан төрийн албанд байдаггүй юм байна. Төрийн тодорхой чиг үүргийг шилжүүлээд авчихсан, хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагууд, төрийн өмчит компаниуд ч байдаг юм байна. Төсөвтэй ямар нэгэн холбоотойгоор буцааж эргэн төлөгдөхөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг ч гэсэн нийтийн эрх ашигт хамруулан ойлгох учиртай. Авлига гэдэг зүйл бол бодит утгаараа нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа албан тушаалтан нийтийн эрх ашгийг золиосолж, өөртөө ашиг хонжоо унагаж, амьдралаа дээшлүүлж байгаа үйлдэл гэж ойлгоно. Төрийн чанарыг муутгадаг, төрийн үйлчилгээг нийтэд хүргэдэггүй, төрийг цөөн тооны хүмүүсийн амьдрах арга хэрэгсэл болгодог хүмүүстэй тэмцэхийг гол зорилго болгож байгаа юм. Тийм учраас нийтийн алба гэдэг бол төрийн алба гэдгээс өргөн хүрээнд орж ирэх ёстой. Жишээ нь Монгол Улсад төрийн албан хаагч биш боловч нийтийн эрх ашигтай холбоотой шийдвэр гаргадаг хүмүүс байна. Тухайлбал, Хөгжлийн банк. Энэ банкны удирдах зөвлөлд гадаадын иргэд байдаг. Тэд бол төрийн албан хаагч биш. Гэхдээ Хөгжлийн банк Монгол Улсын хөгжил дэвшил, нийтийн эрх ашгийн төлөөх хүлээлт дор оршин тогтнож байгаа. Тийм болохоор Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улс ямар нэгэн байдлаар хянах ёстой. Тэд хөгжлийн бодлого нэрийн дор Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байна уу, эсвэл хувийн амьдралыг дээшлүүлж байна уу гэдгийг ард иргэд хянах шаардлагатай. Тиймээс төрийн алба биш боловч нийтийн итгэл үнэмшил дээр оршин тогтнож байгаа албан тушаалтан бүхэн нийтийн алба гэдэг рүү орж ирнэ. Сонирхлын зөрчлийн болон Авлигын эсрэг хуулиар нийтийн албан тушаалтан гэдэгт 5 бүрэлдэхүүн хүмүүсийг тодорхойлж байгаа. Үүнд, нэгдүгээрт төрийн албанд ажиллаж байгаа төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалтнууд, хоёрдугаарт, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд, гуравдугаарт, төрийн өмчит болон орон нутгийн өмчит, төрийн өмч болон орон нутгийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд, дөрөвдүгээрт, төрийн тодорхой чиг үүргийг шилжүүлэн хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд, тавдугаарт, Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэж Хууль зүйн байнгын хорооноос баталсан хөрөнгө, орлогоо болон хувийн сонирхлын мэдүүлгээ гаргах үүрэг хүлээж байгаа албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтнууд байх юм. Үүн дотор Монголд хэрэгжиж байгаа, техникийн туслалцаа үзүүлж байгаа төслүүдийн удирдах албан тушаалтнууд багтана. Мянганы Сорилтын сан ч гэдэг юм уу, НҮБ гэх зэрэг Монголд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр мөнгө яг нийтийн эрх ашигт чиглэсэн үү гэдгийг тодорхой хэмжээгээр хянаж байх учиртай.
Нэг сонирхолтой зүйл гэвэл Эрүүгийн хуульд орсон үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг бол субъектээр хязгаарлагдаж байгаа. Зөвхөн нийтийн албан тушаалтанд хамаатай. Бизнес эрхлэгчид болон жирийн иргэдэд хамаатай биш. Сая дурдсан нийтийн албан тушаалтан бүхэнд хамаатай. Одоо Эрүүгийн хуульд байгаа албан тушаалын гэмт хэргүүдийг шинэчлэх гэж байна. Тэр албан тушаалын гэмт хэргүүд дотор албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаа далимдуулж хээл хахууль авсан гэдэг ч юм уу албан тушаалын хэд хэдэн гэмт хэрэг байгаа, үүн дээр нийтийн албан тушаал гэж хүндрүүлэх нөхцөл болгож хоёр дахь зүйлээр орж ирнэ. Албан тушаалтан хээл хахууль авсан бол төдөн жил, хоёрдугаар зүйлээр нь нийтийн албан тушаалтан хээл хахууль авсан бол төдөн жил гэж хүндрүүлдэг систем орж ирнэ. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулж байгаа, иргэдийн санал өгөх эрхээр сонгуулийн мандатаар гарч ирж байгаа, эсвэл томилгооны үндсэн дээр иргэдээс итгэл авч албан тушаал дээр очиж байгаа тэр хүмүүсийг бүрэн дүүрэн хянах, хариуцлагажуулах боломж бий болж байгаа юм.
-Сонирхлын зөрчлийн харилцааг зохицуулж байсан туршлага өмнө нь манай улсад байгаагүй. Харин хуулийн төсөл санаачлагчид олон улсын туршлагыг хэр зэрэг судалсан бэ?
-Монгол Улсад сонирхлын зөрчлийг шууд тусгайлан нэг бүрчлэн зохицуулж байсан туршлага үгүй. Гэхдээ сонирхлын зөрчлийн тодорхой элементүүдийг хуульчилсан байсан. Төрийн албаны тухай хуульд 4-5, Авлигын эсрэг хуульд 3-4 элемент, Төв банкны ч гэдэг юм уу өөр бусад салбарын хуульд ажлаас халагдсаны дараахь хязгаарлалт гэх мэтээр зохицуулалтууд байсан. Гэхдээ авлигатай тэмцэх үйл явцыг судлаад ирэхээр тодорхой хэмжээний шийдвэр гаргах шаардлагатай болсон. Дэлхийн хэмжээнд судлаад үзэхэд авлигатай болон сонирхлын зөрчилтэй тэмцэх 3 арга зам байна. Англи-Америкийн гэж үздэг ардчилал удаан тогтсон улс гүрнүүдэд сонирхлын зөрчлийг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулж байдаг. Ром-Германы эрх зүйн систем бүхий асуудлыг хуульчилж шийддэг улс орнуудад сонирхлын зөрчлийг салбарын хуулиар зохицуулдаг байна. Манайхтай адил пост коммунист буюу хуучин социализмын үед дээрээс шууд захиран удирдах систем бүхий, үзэл суртлаар барьчихдаг захиргааны бүтэцтэй улс орнууд чөлөөт нийгэмд шилжихээрээ нөгөө үзэл суртлынх нь тогтолцоо алдагдчихсан, шууд захиргааны удирдлага нь багасчихсан, үүнээс үүдээд төрийн албан хаагчид нь юунд захирагдах, ямар итгэл үнэмшилтэй байх, ёс зүйг яаж хэмжих вэ гэдэг нь ойлгомжгүй болчихдог. Социализмын үед төрийн албан хаагчид нь дагалдан үйлчлэх ёстой гэсэн зарчим байсан, энэ хандлага одоо ч хуульд захирагдах гэхээсээ илүү даргад буюу намайг томилсон хүнд захирагдах ёстой, тэр нь жаахан өргөжөөд ирэхээрээ би нэг нутгийнхандаа үйлчлэх ёстой, эсвэл мөнгөтэй хүнд үйлчлэх ёстой гэсэн явцуу зүйл рүү орж ирээд ашиг сонирхлын зөв систем алдагдаж эхэлсэн. Орчин үеийн системд энэ төрийн байгууллага дотор албан тушаалтнууд нийтийн эрх ашгийг өөрийнхөө хувийн эрх ашгаас дээгүүр тавина л гэсэн зарчим байгаа шүү дээ. Гэтэл энэ зарчмууд яг пост коммунист улс орнуудад бүгдэд нь алдагдсан. Зүүн Европын улс орнуудад ч тэр, Дундад Азийн улс орнуудад ч тэр, Монголд ч тэр шилжилтийн дараа юу бий болсон бэ гэхээр хэн мэдээлэлд ойр байна, хэн эрх мэдэлд ойр байна, тэр хүн хөгжиж болдог, хэн өмч хувьчлалаас ихээхэн ашиг хүртэж чадсан, тэр хүн хөрөнгөтөн болж чаддаг, төртэй ойрхон байж төрийн шийдвэрийн туслалцаатайгаар өөрийнхөө бизнесийг хамгаалж, бусдын зах зээлийг дээрэмдэж, өөртөө илүү боломж, бас төсвөөс санхүүгийн таатай эх үүсвэр олж авсан нь тэрбумтан болдог ийм нэг хагас олигархижсан систем рүү орчихсон. Энэ бол авлига, сонирхлын зөрчил хавтгайрсны шинж. Үүнтэй яаж тэмцэх вэ гэдэг асуудал гарна. Хөдөлмөрийн гэрээгээр тэмцэж болдоггүй юм байна. Үүнтэй ёс зүйн дүрмээр тэмцэж болохгүй юм байна. Үүнтэй салбарын хуулиудын эрээвэр хураавар заалтуудтай тэмцэж болохгүй юм байна. Тийм учраас хуучин пост коммунист улс орнуудын хувьд сонирхлын зөрчлийн болон авлигын тусгайлсан хуулиудыг баталж, авлигатай тэмцэх тусгай байгууллага байгуулах шаардлагатай юм байна гэсэн дэвшилтэт санаа гарсан. Энэ бол арван жилийн өмнөх ололт. Үүн дээр түшиглэн Балтийн улс орнууд авлигатай маш үр ашигтай тэмцэж, одоо авлигагүй гэсэн үзүүлэлтээр дээгүүр бичигдэх болсон. Тэдний туршлагаар Зүүн Европын олон улс орон сонирхлын зөрчлийн болон авлигын бие даасан хуулиуд гаргаж, авлигатай тэмцэх парламентын хяналтын болон тусгай бие даасан байгууллага байгуулаад авлаа. Төрийн албандаа ёс зүйн шинэ стандартыг тогтоож эхэллээ. Монгол Улс яагаад тэднээс дутах ёстой гэж. Үнэхээр дэвшилтэт санаа бол манайх бас авч хэрэгжүүлэх ёстой. Энэ үүднээс УИХ дахь авлигын эсрэг гишүүдийн бүлгээс санаачлан Сонирхлын зөрчлийн шинэ хууль, Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан, батлуулсан.
Т.ТУНАМАЛ
2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр