Dec 09, 2011         16

“Шударга ёсны төлөө-2011” шагнал гардуулав /2011.12.08/

Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улс тавдахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг угтан “Шударга ёсны төлөө-2011” шагнал гардуулах гурав дахь удаагийн ёслолын арга хэмжээг Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа. Улс орны хэмжээнд шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзэлтэй шударга иргэдийг олон нийтийн санал асуулгаар тодруулан олгодог “Шударга ёсны төлөө” шагналыг энэ жил 8 хүн гардан авав.

Ёслолын арга хэмжээг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хэлсэн үгэндээ “Манай нийгэм бүхэлдээ хар бараан биш, сайн сайхан гэрэл гэгээтэй зүйл олон байгаа. Сайныг нь түгээн дэлгэрүүлж, муугийнх нь эсрэг тэмцэх нь бидний үүрэг” хэмээн онцолсон юм. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

“Шударга ёсны төлөө-2011” шагналыг “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Оюунхорол, З.Энхболд, Л.Гантөмөр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, хуульч Ж.Батзандан нарт олгов.

“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан. Түүний тэргүүлдэг байгууллага үйл ажиллагаандаа улс төр, эдийн засгийн явцуу бүлэглэлээс ангид, хараат бус байх, ард түмний эрх ашиг, шударга ёсны тэмцлээс ямар ч нөхцөлд ухрахгүй байх, шударга ёсны төлөө тэмцэх нам, хөдөлгөөн, хувь хүнтэй харилцан ойлголцож, хамтрах ажиллах зарчмыг баримталдаг.

iaac
Нийгэмд болж буй бурангуй, шударга бус явдлын эсрэг “Би шатахгүй, та шатахгүй юм бол хэн гэрэлтүүлэх юм бэ” гэсэн үзэл баримтлалтай, гэрэлтүүлээч ээ гэж бусдаас шаардах биш, би өөрөө гэрэлтье хэмээх шантаршгүй хүсэл тэмүүлэлтэй иргэн Гомбосүрэнгийн Арслангийн үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, “Шударга ёсны төлөө-2011” шагналаар шагнав.

УИХ-ын гишүүн Н.Ганбямба. Улсын эдийн засгийн үзүүлэлт дээшилсээр байтал хүн амын амьжиргаа муу байгааг шударга ёс алдагдсантай холбон тайлбарлаж, шударга ёсыг сэргээхийн төлөө ажиллахаа илэрхийлдэг хүн бол Монгол Улсын Их Хурлын гишүүн Наваансамдангийн Ганбямба. Тэрээр “Шударга өрсөлдөөнийг хааж, авлигагүйгээр амьдарч чадахгүй болсон олигархи бүлэглэлүүд хувийн ашиг сонирхлоо дээдлэн, улс орны эрх ашгийг хөсөрдүүлж байна.

iaac
Төрийн албыг ашиг хонжооны хэрэгсэл болгосон олигархиудын сүлжээг устгаж үгүй хийх хэрэгтэй” хэмээн үздэг, бас үгээ хэлдэг, түүний төлөө тэмцдэг нэгэн. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд шударга ёсны зарчмыг баримтлан, идэвх санаачилга гарган ажилладаг гишүүдийн нэг бөгөөд төрд түмнээ төлөөлөн 5 удаа сонгогдон ажиллахдаа 90 гаруй хуулийг боловсруулан, батлуулжээ. Наваансамдангийн Ганбямбын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүнд суртал, авлига, хээл хахуулийн эсрэг чиглэсэн хурц дайчин, ажил хэрэгч санал шүүмжлэл бүхий шударга үйлсийг үнэлж, “Шударга ёсны төлөө-2011” шагналыг гардууллаа.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо. 2000 оноос хойш авлигатай тэмцэх гадаад, дотоодын олон арван судалгаа шинжилгээний ажил, хөтөлбөрт идэвхтэй оролцож, авлигатай тэмцэх үйл хэрэг, шударга ёсны төлөвшилтөд жинтэй хувь нэмэр оруулж байгаа манай улсын шилдэг хуульчдын нэг. Доктор, профессор Шарын Цогтоо нь авлигын эсрэг хуулийн төслийн анхан шатны боловсруулалтад өөрийн судалгаа шинжилгээний ажлын санал дүгнэлтийг дэвшүүлэн ажилласан.

iaac
Түүний “Төрийн албаны авлигын төрөл хэлбэр ба түүнийг таслан зогсоох шаардлага” сэдэвт өгүүлэл нь гадаадын хэд хэдэн сэтгүүлд хэвлэгдэж, улмаар судалгааны материал болон ашиглагдаж байна. Авлигатай тэмцэх асуудлыг захиргааны эрх зүйн тусгай анги судлагдахууны нэгэн томоохон сэдэв болгон холбогдох сурах бичигт тусган хэрэгжүүлснээр нийт Хууль зүйн дээд сургуулийн оюутан, магистрант, докторантуруудад авлига, албан тушаалын гэмт хэргийн үйлдлийг харьцуулан судлах боломжийг нээж өгсөн Шарын Цогтоод шударга ёсны төлөөх үйл хэргийг нь үнэлэн, “Шударга ёсны төлөө-2011” шагналыг олголоо.
УИХ-ын гишүүн З.Энхболд. Төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх иргэний ардчиллын тухай тэрээр анх түрүүн хөндөж, улс орны өмнө тулгарч байгаа бэрхшээлийг даван туулах арга замыг эрэлхийлсэн, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлсэн үзэл бодол, байр сууриараа бусдаас ялгарсан улстөрч юм.

iaac
Тэрээр авлигатай тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, Авлигын эсрэг хуулийг батлан гаргахад манлайлан оролцсон хууль тогтоогч билээ. Зандаахүүгийн Энхболд нь улс орны хөгжлийн асуудлуудад намын болон ямар нэгэн бүлэглэлүүдийн эрх ашгийг чухалчилж тээг тавих, хувийн эрх ашгаа нийгмийнхээс дээгүүр тавих оролдлого бүрийг тас цохин, шударга үнэнийг сахин ажиллахыг гүйцэтгэх засаглалаас шаардаж ажилладаг нэгэн гэдгийг олон нийт үнэлж байна. Иргэний ардчиллыг цогцлоосноор хэн нэгэн мэргэн удирдагчаас бус нийгмийн гол хөдөлгөгч хүч нь болсон ард түмнээс аливаа шийдвэр бүхэн хамааралтай байж, тэдний хүсэл, зорилгыг тусгадаг шударга ёс тогтоохыг эрмэлзэж яваа УИХ-ын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг олон нийтийн санал асуулгаар тодруулан “Шударга ёсны төлөө-2011” шагналыг гардуулав.

Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр. Татварын ерөнхий газрын дарга, Монгол Улсын шилдэг эдийн засагчдын нэг Баагаагийн Баттөмөр нь татварын үндсэн зарчим бол тэгш, шударга байх ёстой гэж үздэг, тэрхүү үзэл баримтлалынхаа дагуу ажиллаж чаддаг нэгэн хэмээн олон нийт үнэллээ.

iaac
Түүний удирдаж буй байгууллага татварын албаны шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж яваа. Баагаагийн Баттөмөр нь гаалийн байгууллагыг удирдах үедээ “Цахим гааль” хөтөлбөрийг эхлүүлж байсан бол татварын албыг мөн цахимжуулах ажлыг хэрэгжүүлж байна. Татвар төлөгчдийн итгэлийг хүлээсэн, нээлттэй, ил тод, шударга үйл ажиллагаатай цахим татварын алба болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа Баагаагийн Баттөмөрт “Шударга ёсны төлөө-2011” шагналыг олгосон юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Улсын Их Хурлын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхоролыг олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар тодруулан “Шударга ёсны төлөө-2011” шагналаар шагнахаар шийдвэрлэжээ. Түүнийг нийгмийн тулгамдсан асуудлыг олж хардаг мэдрэмжтэй, шударга төрийн түшээ хэмээн олон нийт үнэлж байна.

iaac
“Аливаад эрдэж бярдалгүй, шударга үнэнд ойр амьдрах” зарчимтай тэрээр хууль тогтоох байгууллагад хоёр удаа сонгогдон ажиллахдаа нийгмийн хамгааллын салбарт дагаж мөрдөх хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох чиглэлээр анхаарч, ялангуяа иргэдээ ялгаварлан үзэх үзэлгүй, эрх тэгш, ирээдүйн шударга нийгэмд амьдруулахын тулд эрх зүйн шинэтгэлийг үе шаттайгаар бүтээхэд оролцож яваа Монголын цөөхөн эмэгтэй улстөрчдийн нэг юм. Дуламсүрэнгийн Оюунхоролын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, “Шударга ёсны төлөө-2011” шагналыг гардуулав.

Хуульч Ж.Батзандан. Жалбасүрэнгийн Батзандан нь нийгмийн салбар дахь төрийн хүнд суртал, шударга бус явдлыг илчлэхэд иргэдийн дуу хоолой болж, өөрийн сурч мэдсэн бүхнээ иргэний нийгмийн үйлст зориулах хүндтэй бөгөөд зоримог шийдвэрийг гаргасан билээ. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх зэрэг Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах үйлсэд үнэтэй хувь нэмрийг оруулжээ.

iaac
Монгол Улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоо өмнө ч тэр, өнөөдөр ч тэр, ирээдүйд ч тэр чухал байсаар байх болно. Жалбасүрэнгийн Батзандангийн үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оруулж буй үйл хэргийг үнэлж, “Шударга ёсны төлөө-2011” шагнал олголоо.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр. Тэрээр “Ард түмний мөнгийг хэмнэх санаачилга”-ыг гаргаж, бодит ажил хэрэг болгон өрнүүлсэн. Баялаг даган нэмэгдсэн төсвийн орлогыг дураараа зарцуулах явдлыг таслан зогсоосон Лувсаннямын Гантөмөрийн санаачилгаар төрийн үйлчилгээний үргүй зардлуудыг багасгасан бөгөөд ингэснээр 2009 оны улсын төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан.
Түүний санаачилга зөвхөн төсвийн хөрөнгийг хэмнэх тухай ойлголт дээр суурилж байгаа ч угтаа олон түмэндээ тэгш эрхийн зарчмаар үйлчилдэг төртэй болъё гэсэн шийдлийн эхлэл байлаа. Лувсаннямын Гантөмөрийн шударга ёсны зарчмыг баримталж хэрэгжүүлсэн үйлсийг үнэлэн, “Шударга ёсны төлөө-2011” шагналын эзнээр тодруулав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us