Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Төв аймагт ажиллав /2011.12.14/
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Төв аймагт ажиллав. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтран тус аймгийн төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулан “Авлигын эсрэг хууль тогтоомж” сэдэвт уулзалт-ярилцлага, сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад оролцсон тус аймгийн төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчид “Төрийн байгууллага ба иргэний нийгмийн байгууллага хоорондын түншлэл”-ийн асуудлаар тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх, мониторинг хийсний дараа нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт уламжлав.
Ажлын хэсэг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатад Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр авсан арга хэмжээтэй газар дээр нь танилцсан юм. Тус аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох эрүүгийн хэргээс үүдэн тухайн төрлийн гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Төв аймгийн Засаг дарга Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллажээ. Аймгийн 27 сумын Засаг дарга нарт энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой үүрэг чиглэл өгч, “Газрын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж”-ийг гарган ажилласан ажээ.