Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс-ийг хүлээн авч уулзав /2011.12.07/
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс-ийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс “Дэлхийн банк нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрыг байгуулагдсан цагаас Засаглалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилласан. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газрын дунд хугацааны стратеги, Сонирхлын зөрчлийн хуулийн төслийг боловсруулахад олон улсын болон үндэсний зөвлөх сонгон шалгаруулж ажиллуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм, авлигын индексийн судалгааны аргачлалыг боловсруулах, орон нутаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний гишүүдийг чадавхижуулах, төрийн үйлчилгээний ил тод байдалд мониторинг хийлгэх чадвар эзэмшүүлэх, нийгмийн хариуцлагыг дэлгэрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Дэлхийн банк нь Азийн авлигатай тэмцэх байгууллагын сүлжээний гишүүн. Авлигатай тэмцэх ажлын үр дүн удаан хугацаанд гардаг гэдгийг олон улсын туршлагаас мэднэ. Гэхдээ авлигатай хийж буй тэмцлийг тодорхой түвшинд хүргэх үүднээс цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцоход уулзалтын зорилго оршиж байна” гэлээ.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Монгол Улсад шинэ тулгар байгуулагдсан Авлигатай тэмцэх газарт дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархлаа илэрхийлээд “Цаашид авлигатай амжилттай тэмцэж буй олон улсын арга туршлагаас суралцаж, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг улам өргөжүүлэх, орон нутаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний ажилд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах боломж байна. Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын хувьд авлигатай тэмцэх үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд нэлээд идэвхтэй байр суурь баримтлан ажиллана” гэв.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс “Бусад улс орны ижил төстэй байгууллагуудын туршлагаас судлах үйл ажиллагаанд бид мэргэжилтэн урьж ирүүлэн зөвлөгөө өгөх боломжтой. Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын хувьд нээлттэй Засгийн газрын санаачилгыг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр ирэх жилүүдэд хамтран ажиллахад бэлэн байгаа. Авлигад өртөхөөс сэргийлэх тал дээр ямар боломжууд байгааг харгалзан, энэ талын ажлуудыг хийхэд дэмжлэг үзүүлнэ” гээд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод хүнд бөгөөд хариуцлагатай албандаа амжилт гаргахыг хүсэн ерөөв.