Oct 13, 2011         11

Төрийн үйлчилгээний нээлттэй өдөрлөг зохион байгуулав /2011.10.11/

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улс орны хэмжээнд удирдан зохион байгуулах ажил, арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг. Энэ ажлын хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын ажилтнууд Өмнөговь аймагт ажиллаж, “Хариуцлагатай уул уурхай, ил тод байдлыг хангах нь” сэдэвт өдөрлөгийг Даланзадгад хотод өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, нээлттэй ил тод хүргэх талаар мэдээ, мэдээлэл хийхийн зэрэгцээ хүнд суртал, олон шат дамжлагаас залхаж бэрхшээн тэдгээрээс зайлсхийхийн тулд иргэд хээл хахууль санал болгож, улмаар албан тушаалтнууд албан тушаалын гэмт хэрэгт холбогддог талаар танилцуулж ажилласан юм.

Өдөрлөгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрх зүйн туслалцааны төв, Өмгөөлөгчдийн зөвлөл, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагууд идэвхтэй оролцож, ажлаа сурталчлахын зэрэгцээ иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлж, өргөдөл хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн, эрүүл мэндийн болон бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ.

Төрийн үйлчилгээний нээлттэй өдөрлөгтэй зэрэгцүүлэн орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудыг оролцуулсан “Шударга ёсны тогтолцоог өөрсдөөсөө эхлүүлье” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Сүх-Эрдэнэ нар “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, ил тод байдлыг хангах нь”, “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар орон нутгаас баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Өдөрлөгийн өөр нэгэн чухал арга хэмжээ нь авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж, шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй хүргэх, иргэн, иргэний нийгмийн байгууллагын идэвхитэй оролцоог дэмжих талаар аймгийн удирдах албан тушаалтнуудын хийсэн мэдэгдэл байв. Аймгийн Засаг дарга Б.Бадраа “Авлигын хорт үзэгдлийг дадал зуршлаасаа таягдан хаяж, хууль дээдлэх зарчмыг жинхэнэ ёсоор нь дагаж мөрдөн, ёс зүйн шаардлагад нэг мөр захирагдаж, нийтийн эрх ашигт хоёргүй үнэнч сэтгэл гарган төр иргэний хиргүй тунгалаг итгэлцэл, түншлэлгүйгээр өмнөө тавьсан өндөр дээд зорилгоо биелүүлж чадахгүй. Иймд улс орноо авлигаас ангижруулан, нийгмээрээ цэвэр тунгалаг санаа амар амгалан, уур бухимдалгүй аж төрөх сайхан цагийг аль болох хурдан цогцлоон аймгаа тогтвортой хөгжүүлэх, ард түмнээ амаржуулан жаргаах үйлст бүх нийтээрээ эв эеийг хичээн хамаг хүчээ нэгтгэн зүтгэж, хувь нэмрээ оруулахыг” уриаллаа. Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал, Хүрмэн сумын Засаг даргын орлогч А.Ишхүү, Даланзадгад сумын Засаг даргын орлогч Б.Уянга, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Буяннэмэх нар “Авлигын эсрэг мэдэгдэл” хийж, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй, ил тод хүргэн авлигаас ангид ажиллахаа илэрхийлж байв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us