Зөрчил арилгуулах асуудлаар 23 албан бичгийг холбогдох албан тушаалтанд хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газраас 2014 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хэргийн гомдол, мэдээллийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, зөрчлийн шинжтэй, хууль бус тушаал шийдвэр гаргасан үйлдэлд зөрчил арилгуулах 23 албан бичгийг зохих дээд шатны байгууллагуудад хүргүүлж ажиллав.
Зөрчил арилгуулахаар улс төрийн албан тушаалтанд холбогдох 9, захиргааны албан тушаалтанд холбогдох 7, төрийн тусгай албан тушаалтанд холбогдох 3, үйлчилгээний албан тушаалтанд холбогдох 2, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох 2 албан бичгийг тус тус явуулсан байна.
Зөрчлийн шинжээр нь авч үзвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн 6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн 6, албан тушаалтны хууль бус гаргасан захирамж, тушаал хүчингүй болгуулах 4, хээл хахууль шаардсан, шан харамж авсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, төсвийн хууль тогтоомж зөрчсөн зэрэг 9 албан бичиг байна.
Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөрчил арилгуулах албан бичгийн 11-д зохих байгууллагаас хариу ирүүлсэн бөгөөд тэдгээрт тодорхой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудыг ажлаас халах, албан тушаалын цалинг бууруулах, өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох зэргээр арга хэмжээ авсан талаар мэдэгдсэн байв.