Oct 23, 2011         8

М.Чимэддорж: Орон нутгийн төрийн бус байгууллагууд авлигын эсрэг ойлголттой болжээ /2011.10.20/

Авлигатай тэмцэх газар орон нутаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээнийхэнд худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгуулж байгаа билээ. Завхан аймаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний гишүүдэд ээлжит сургалт хийсэн “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” төрийн бус байгууллагын сургагч багш М.Чимэддоржтой манай сурвалжлагч ярилцав.

iaac

-Худалдан авах ажиллагааны талаар зохион байгуулсан сургалтад Завхан аймгийн авлига, хүнд суртлын эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчид хамрагдлаа. Та энэ сургалтын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд авлигатай тэмцэх, энэ хорт үзэгдлээс хэрхэн сэргийлж ажиллах чиглэлээр нэлээд сайн ойлголттой болсон байна. Өнөөдрийн сургалт нь төрийн худалдан авах ажиллагаанд үзүүлэх авлигын сөрөг нөлөөлөл, төрийн бус байгууллагуудын хүлээх үүрэг оролцоо, хэрэгжүүлэх хяналт зэрэг асуудлуудаар арга зүйн туслалцаа үзүүлж, тодорхой мэдлэг эзэмшүүллээ. Сүлжээний гишүүд сургалтад идэвхтэй оролцож байгааг харахад урамтай байна. Төрийн худалдан авах ажиллагаанд төрийн бус байгууллагууд хяналтаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлбэл авлигаас урьдчилан сэргийлэх нэгэн алхам болж чадна. Авлигатай тэмцэх газрын санаачилгаар аймаг бүрт авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Цаашид авлигатай тэмцэх чиглэлээр олон нийтийн оролцоо улам бүр идэвхжих хандлагатай байна. Авлигатай тэмцэх ажил богино хугацаанд үр дүнгээ өгдөггүй. Гэхдээ ойрын ирээдүйд авлигыг таслан зогсооход төрийн бус байгууллагууд улам их амжилт гаргана байх гэсэн итгэл маань нэмэгдлээ.

-Худалдан авах ажиллагаанд төрийн бус байгууллагууд хяналтаа ямар хэлбэрээр тавих бололцоотой вэ?

-Төрийн бус байгууллагууд нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, иргэний нийгмийн байр суурийг илэрхийлдэг субъект. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг энэ оны 12 дугаар сараас эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулиар худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд төрийн бус байгууллагуудын төлөөллийг заавал оролцуулж байхаар зохицуулсан. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагууд худалдан авах ажиллагаанд мэргэшсэн байх учиртай. Тэднийг мэргэшүүлэхийн тулд худалдан авах ажиллагаа болон энэ үйл явцад хэрхэн оролцох талын мэдлэг мэдээллийг юуны түрүүнд эзэмшүүлэх шаардлагатай. Ингэж цэнэглэгдсэн төрийн бус байгууллагууд хяналтаа хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг гарах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Тийм учраас энэ удаагийн сургалтын ач холбогдлыг үнэлж, илүү олон байгууллагад хүргэх ёстой юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us