Иргэн А.Оюунтуяатай хамт Өмнөговь аймаг дахь төрийн үйлчилгээг сурвалжилсан нь /2011.10.21/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа тус аймгийн зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөв. Ажлын хэсгийнхэн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очиж, Хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгаар үйлчлүүлж буй иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай газар дээр нь танилцлаа. Тухайлбал, иргэн А.Оюунтуяа Даланзадгад сумын нутаг дэвсгэрт газар өмчлөх эрхийн гэрчилгээн дэх хамтран өмчлөгчийн жагсаалтаас хүүгийнхээ, мөн өөрийнхөө нэрийг хасуулж, шинээр газар эзэмших хүсэлт гаргахаар явж байгаа ажээ. Хадам эцгийнхээ нэр дээр үндсэн бүртгэлтэй газар өмчлөх гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч мэдээллийн санд нэр нь бүртгэгдсэн байгаа тул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Даланзадгад сумын нэг цэгийн үйлчилгээ, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын алба зэрэг байгууллагуудын дунд бүтэн өдрийн турш явж байгаагаа хэлээд “Нэг ирэхэд ийм тийм бичиг баримт нэхнэ, дахиад ирэхэд өөрийг нэхнэ. Одоо бас ямар бичиг баримт нэхэхийг мэдэхгүй байна” гэлээ. Иргэн А.Оюунтуяа, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Г.Баярцэнгэл хоёрын дунд ийм яриа өрнөв:
А.Оюунтуяа: -Манай нөхөр Ариунболд энэ гэрчилгээн дээр хамтран эзэмшигч байж байгаад нэр салгуулсан. Манай хүүхэд бид хоёрын нэр гэрчилгээн дээр байдаггүй боловч мэдээллийн санд ороод ирчихсэн. Аймгийн газрын алба хамтран эзэмшдэггүй гэсэн тодорхойлолт аваад ир гэж наашаа явууллаа.
Г.Баярцэнгэл: -Та анх удаа л газраа өмчилж авах гэж байгаа хүн юм уу?
А.Оюунтуяа: -Тийм. Би энэ газрын хамтран өмчлөгч биш.
Г.Баярцэнгэл: -2009 онд хэлцэл хийгээд бүх хамтран өмчлөгч нэрээ салгуулсан юм байна. Одоо бол энэ газар зөвхөн Жигмэдцэрэн гэдэг хүний нэр дээр байгаа юм байна.
А.Оюунтуяа: -Аймгийн газрын албан дээр очиход таны нэр байна гээд байгаа. Тэгээд энэ газрын хамтран өмчлөгч биш гэдэг бичиг бүртгэлийн хэлтсээс авчир гээд байна.
Г.Баярцэнгэл: -Танд байгаа энэ баримтын хүрээнд л та газраа өмчилж авах бүрэн боломжтой. Иргэн шинээр газар эзэмшихэд манайх хамааралгүй. Танд буруу тайлбарлаж явуулсан байна даа.
А.Оюунтуяа: -Би энэ газарт хамааралгүй гэдэг бичгийг хаанаас авах вэ?
Г.Баярцэнгэл: -Аймгийн газрын албанаас тодорхойлолт авах ёстой. Анх удаа бүртгэгдэхэд нь байгаагүй гэдгийг аймгийн газрын алба гаргаж өгдөг. Таны нэр энэ гэрчилгээн дээр байхгүй гэдэг нь тодорхой байна шүү дээ.
А.Оюунтуяа: -Миний нэр байхгүй, манай хүүгийн нэр ч бас байхгүй. Тэгэхээр хүү бид хоёрт энэ газар хамааралгүй гэдгийг танайхаас бичиг хийж өгөх үү?
Г.Баярцэнгэл: -Уг нь бол аймгийн газрын алба гаргаж өгөх ёстой. Гэхдээ энэ газрын тухайд өмчлөх үеийн хувийн хэрэг нь манайд байгаа учраас бид одоо мэдээллийн сангаас шүүгээд лавлагаа гаргаж өгч болно. Манайхаас шаардлагатай мэдээллүүдийг хангалттай гаргаж өгсөн л байна даа. Анх удаа газар өмчлөх гэж байгаа иргэнийг наашаа явуулах нь буруу шүү дээ.
Иргэн А.Оюунтуяаг лавлагаа гаргуулж байх зуур Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн бүртгэлийн хэлтсийн иргэдэд зориулсан мэдээллүүдтэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөв. Тэрээр “Иргэдэд үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг нээлттэй, ил тод хүргэх ёстой. Авлигыг үүсгэж байгаа нэгэн том шалтгаан, нөхцөл нь тухайн байгууллагын хүнд суртал, чирэгдэл байдаг. Төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл ил тод бус, ойлгомжгүй байвал иргэд хүнд суртлаас бэрхшээж хээл хахууль санал болгож, улмаар албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй. Ийм эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахын тулд мэдээллийг ил тод болгохоос эхлэх учиртай. Энэ бол маш энгийн мөртөө зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа. Танай хэлтсийн хувьд үйлчилгээний үнэ хөлс, төлбөр хураамжийн талаарх мэдээллээ шинэчлээгүй байгаа нь харагдлаа. Хуульд өөрчлөлт орж, дүрэм журам нь шинэчлэгдсэн байхад шаардлагатай мэдээллүүдийг дагаад шинэчлэхгүй байгаа нь иргэдэд эргэлзээ төрүүлэхээс аргагүй. Иргэн танай байгууллагад орж ирэхэд бүх зүйл тодорхой, ойлгомжтой байх ёстой. Төрийн байгууллага бол төөрдөг байшин шиг байх ёсгүй. Иргэдээс гомдол, санал хүлээж авах механизмаа оновчтой болгох хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэн А.Оюунтуяаг даган Даланзадгад сумын Нэг цэгийн үйлчилгээний төвд очив. Тэнд тус сумын газрын албаны мэргэжилтэн Х.Мөнхжаргалтай уулзлаа. Тэрээр “Би таныг аймгийн газрын албан дээр очиж хувийн хэргийг архиваас гаргуулж үзээд анх хэдэн хүний нэрээр орсон байна, тэрийг үзээд тодорхойлолт аваад ир гэж хэлсэн. Таны бичиг баримтыг харахад гэрчилгээн дээр 4 хүний, компьютер дээр 6 хүний нэр байна. Чухам хэдэн хүний нэр байгааг зөвхөн хувийн хэргээс л харах бололцоотой” гэлээ. Иргэн А.Оюунтуяа “Аймгийн газрын албан дээр очиход компьютерээс хараад 6 хүний нэр байна, тиймээс та аймгийн улсын бүртгэлийн хэлтэс рүү очоод бичиг аваад ир гээд би тийшээ очоод ирлээ л дээ. Шаардлагагүй газар руу ахин дахин явуулаад байгааг ойлгохгүй байна” гэж бухимдав. “Та өөрөө буруу ойлгоод яваад байна шүү дээ. Би таныг хувийн хэргээс хараад ир гэж хэлсэн, гэтэл та мэдээллийн сангаас үзсэн байна. Энд би мэдээллийн сангаас хараад хэлж байгаа юмыг та тэнд дахин харах хэрэггүй шүү дээ. Зөвхөн хувийн хэргийг татаж үзэхэд л бүх зүйл тодорхой болно” гэж сумын газрын албаны мэргэжилтэн учирлалаа. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Иргэдэд үйлчилгээний талаарх мэдээллийг нэг мөр, цэгцтэй өгөх нь төрийн албан хаагчийн үүрэг. Иргэн буруу ойлгох тухай биш тэдэнд зөв ойлгуулах тухай ярих ёстой. Тиймээс цаашид өөрсдийн эрхэлж байгаа үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй байлгах шаардлагатай” гэж зөвлөсөн юм.
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд иргэн А.Оюунтуяа Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэнтэй хамт очлоо. Архивын эрхлэгч нь ажлын байран дээрээ байсангүй. Кадастрын мэргэжилтэн Б.Батцэцэг хэдэнтээ утас цохиж, хайж сурсан боловч иргэн А.Оюунтуяад хувийн хэрэг гаргаж өгөх ёстой архивын эрхлэгч олдсонгүй. Чухам яагаад иргэнийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү явуулсан тухай асуухад тэрээр “Өмчлөлийн гэрчилгээтэй л бол манайд хамааралгүй байдаг. Тиймээс гэрчилгээг олгосон бүртгэлийн хэлтсээс бичиг авчир гэж явуулсан” хэмээн тайлбарлав. А.Оюунтуяагийн нэр гэрчилгээн дээр байхгүй байгааг хэлж, Даланзадгад сумын газрын албаны мэргэжилтэн Х.Мөнхжаргал болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Г.Баярцэнгэл нарын хэлсний дагуу анх бүртгэгдсэн үеийн бичиг баримт болох хувийн хэргийг л харахад бүх зүйл ойлгомжтой болох тухай учирлаж байж Б.Батцэцэг мэргэжилтнээс тодорхойлолт гаргуулж авахаар болов. Үнэндээ ажлын цагаар эзгүй байсан архивын эрхлэгчээс хувийн хэрэг татаж үзэх боломжгүй тул Б.Батцэцэг “Иргэн А.Оюунтуяа, А.Төгсбаяр нар нь газар өмчилж байгаагүй болно” гэсэн тодорхойлолтыг түүнд гаргаж өгсөн юм.
Иргэн А.Оюунтуяа тодорхойлолтоо аваад Нэг цэгийн үйлчилгээний төв рүү яаравчлав. Тэрээр нэг тодорхойлолт гаргуулж авах гэж бүтэн өдрийг зарцуулсан нь энэ. Мэдээллээ хайш яйш хэлдэг, хайнгадуухан төрийн албан хаагчдын үйл ажиллагаа түүнийг нэлээд бухимдуулж байсан. Нөгөө талдаа өөрийнх нь хууль эрх зүйн мэдлэг хомс байгаа нь ч нэрмээс болов бололтой. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль болон Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагууд аль ч шатандаа гойд анхааран ажиллах шаардлагатай байгааг иргэн А.Оюунтуяатай хамт сурвалжилсан тэмдэглэл маань харуулж байна. Үнэхээр л Д.Дуламсүрэн даргын хэлснээр төрийн байгууллага төөрдөг байшин шиг байх учиргүй бөгөөд үйл ажиллагаа нь ойлгомжтой, мэдээлэл нь ил тод, нээлттэй байвал авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгэн чухал хөшүүрэг болох билээ.
Т.ТУНАМАЛ