Nov 19, 2014         4

Төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагааг үнэлэх ажил эхэллээ

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Баянзүрх консалтинг” ХХН, “Онч шийдэл” ТББ, “Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-ын төлөөлөл бүхий “Шинжээчдийн баг” төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж байна. Энэхүү арга хэмжээг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үнэлгээнд УИХ-аас байгуулагддаг 7 байгууллага, яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд зэрэг нийт 140 байгууллага хамрагдах юм.

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар баталсан “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал” ёсоор төрийн байгууллагууд жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор авлигын эсрэг үйл ажиллагааны тайлан, нотлох баримтыг ирүүлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар Сангийн яам, Хууль зүйн яам, Уул уурхай, эрчим хүчний яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Дулааны 4 дүгээр цахилгаан станц, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ, Шивээ-Овоо, Монголросцветмент зэрэг төрийн өмчийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд тайлан мэдээ ирүүлээгүй байна. Авлигын эсрэг үйл ажиллагааны тайлан, мэдээллийг цаг хугацаандаа ирүүлээгүй нь тухайн байгууллагыг үнэлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Үнэлгээний гол онцлог нь олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг” гүйцэтгэж, үр дүнг олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ уг үнэлгээ нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний бүрэлдэхүүн хэсэг болох юм байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us