Шилдэг илтгэлийн эзнийг иж бүрэн компьютерээр шагнана /2011.11.08/
Авлигатай тэмцэх газар МУИС, Монгол Улсын Боловсролын их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Оюутны холбоодтой хамтран “Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ. Авлигатай тэмцэхэд оюутан залуусын оролцоог идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг арга хэмжээнд хамгийн шилдэг илтгэл тавьж, нэгдүгээр байр эзэлсэн оюутныг иж бүрэн компьютерээр шагнах юм байна. Харин хоёрдугаар байрт шалгарсан оюутанд нэг жилийн сургалтын төлбөр олгох ажээ.
Илтгэл бичиж, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхийг хүсвэл авлигатай тэмцэх, шударга байдлыг дээшлүүлэх талаар тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлыг хөндсөн, сонгож авсан сэдвээрээ шинэлэг арга зүйг баримталсан судалгаа хийж, олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, өөрийн үнэлэлт дүгнэлтийг хийсэн, асуудлын шийдэл, бодлогын хувилбарыг санал болгосон байх ёстой юм байна. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төсөл дэмжлэг үзүүлж байгаа аж.