Nov 18, 2011         7

Оюутнууд Авлигатай тэмцэх газартай хамтарч авлигатай тэмцэнэ /2011.11.18/

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Шударга ёсны төлөө -2011” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газар МУИС, Монгол Улсын Боловсролын их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Оюутны холбоодтой хамтран “Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газар дээрх сургуулиудын оюутны холбоо, оюутны төлөөлөлтэй хамтран Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр оюутнууд авлигатай хэрхэн тэмцэх талаар санал бодлоо илэрхийлж байв.

МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга, 4 дүгээр курсийн оюутан Г.Гантөгс:
-Оюутнууд нийгмийн хамгийн эрч хүчтэй, оюунлаг хэсэг, ирээдүйн сэхээтэн, боловсон хүчинүүд. Тиймээс оюутнуудын авлигатай тэмцэх ажилд оролцох оролцоо маш их бий гэж боддог. Бид сайн суралцаж, эрдэм мэдлэг эзэмшиж, сайн боловсон хүчин болж чадсанаараа авлигатай тэмцэх энэ ажилд оюун ухаанаа дайчлана. Тиймээс ч оюутнуудын дунд зарласан эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах уралдаанд манай сургуулийн оюутнууд идэвхтэй оролцохоор бэлтгэж байгаа.

ЭМШУИС-ийн Уламжлалт анагаахын сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Б.Лхагвасүрэн:
-Авлигатай тэмцэх газраас оюутнуудын дунд авлигатай тэмцэх чиглэлээр оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал хийж, шилдэг илтгэл шалгаруулах тухай санал тавихад бид баяртайгаар хүлээж авсан. Авлигатай тэмцэхэд оюутнуудын оролцоо маш чухал гэж би хувьдаа боддог. Бидний санал бодлыг авлигатай тэмцэх ажилд авч ашиглана гэж байгаад таатай байна. Тиймээс шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд сургуулийнхаа оюутнуудыг уриалж, идэвхтэй, өргөн хүрээнд оролцуулахаар төлөвлөж байна.

Дотоод хэргийн их сургуулийн 2 дугаар курсийн сонсогч Б.Мөнхболд:
-Оюутнуудын нийтлэг чиг хандлага нь авлигатай тэмцэх, нийгмээ эрүүл саруул, шударга хөгжүүлэхэд анхаарч, дуу хоолойгоо гаргаж байдаг. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд оюутнуудын оролцоо маш их бий.

МУБИС-ийн 4 дүгээр курсийн оюутан Б.Баясгалан:
-Авлигатай тэмцэнэ гээд бид гудамжинд гарч жагсахгүй, эсэргүүцэл, лоозон барихгүй. Харин өөрсдийн эзэмшиж буй мэдлэгийн хүчээр тэмцэнэ. Тиймээс ч авлигын эсрэг, шударга байдлыг дээшлүүлэх талаар тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлыг хөндөн, өөрийн үнэлэлт дүгнэлт хийсэн илтгэл бичиж, уралдаанд оролцохыг сургуулийнхаа оюутнуудад уриалж байгаа.

Оюутнууд авлигатай тэмцэх талаар санал бодлоо ийнхүү илэрхийллээ.
Дээрх оюутнуудаас гадна хэвлэлийн бага хуралд Дотоод хэргийн их сургуулийн сонсогч Г.Маралмаа, МУБИС-ийн 3 дугаар курсийн оюутан Д.Нямсүрэн, СЭЗДС-ийн 3 дугаар курсийн оюутан Д.Жавхлан нарын оюутнууд хүрэлцэн ирж, авлигатай тэмцэх талаар сэтгүүлчдэд санал бодлоо хэлж байлаа.

Авлигатай тэмцэх газартай хамтарч эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаа дээрх оюутнууд эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах уралдаанд өөрсдөө оролцохгүй, харин сургуулийнхаа оюутнуудыг өргөн хүрээнд, идэвхтэй оролцуулна гэж байв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us