Sep 22, 2011         9

Цөмийн энергийн газрын албан тушаалтнууд хууль хэрэгжүүлэх хүсэлгүй байна /2011.09.22/

Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу Цөмийн энергийн газрын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалд болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд долдугаар сарын 18-наас есдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалтын ажил хийлээ.

Хяналт шалгалтаар тус газрын албан тушаалтнууд хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь тогтоогдож байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт хариуцсан эрх бүхий албан тушаалтан нь ч хууль хэрэгжүүлж ажилладаггүй зөрчил, дутагдал илэрлээ.

Цөмийн энергийн газарт 2010 онд албан тушаалд шинээр томилогдсон 16 албан тушаалтан хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй бол тус газрын таван албан тушаалтан хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ. Тиймээс дээрх албан тушаалтнуудад болон тус байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай асуудлыг Авлигатай тэмцэх газраас Цөмийн энергийн газрын удирдлагад тавиад байна.

Цөмийн энергийн газрын албан тушаалтнууд хууль хэрэгжүүлж ажилладаггүй энэ байдал нь тус газар авлигын эсрэг төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй байгааг харуулж буй юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us