Орхон аймгийн төрийн сангийн үйл ажиллагаа илүү хариуцлагатай болж байна /2011.09.23/
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим суманд мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ажиллав.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн А.Энхтөр нь албан тушаалынхаа байдлыг урвуулан, тус аймгийн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн нягтлан бодогч О.Батхишигтэй үгсэн тохирч, түүний хуурамчаар үйлдсэн санхүүгийн бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийж өгснөөр тус сургуулийн цалингийн болон бараа материалын зардал, төлбөртэй ангийн сургалтын төлбөрөөс нийт 97 сая гаруй төгрөгийг авч ашигласан үйлдэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн байна. Энэ гэмт хэргийг гарахад тус аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд тавих удирдлагын хяналт сул, бэлэн мөнгө олгох банкны чекийг хэд хэдэн төсвийн байгууллагын мөнгийг нэгтгэн бичдэг, эргэлзээтэй санхүүгийн баримтыг нягтлан шалгадаггүй, сургуулийн удирдлагаас санхүүгийн гүйлгээг хийх бичиг баримтад гарын үсэг зурахдаа нарийвчлан үзэж хянадаггүй, бэлэн мөнгөний чекээр банкнаас мөнгө авахдаа сургуулийн нярав нь хариуцсан чиг үүргээ хэрэгжүүлдэггүй, илт хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар шаардлага тавьдаггүй зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн хэмээн Авлигатай тэмцэх газар дүгнэж, дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй байх үүднээс дээрх нөхцөл, шалтгааныг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж ажиллах тухай Мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичиж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ганболд, тус аймгийн 14 дүгээр сургуулийн захирал А.Сэлэнгэбаатар нарт хүргүүлжээ.
Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаатай Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг газар дээр нь танилцаж, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөв. Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар Д.Мөнх-Эрдэнийг томилж, хэрэгт шалгагдсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан байна. Тэрээр шинэ албаа хүлээж авснаас хойш Орхон аймгийн хэмжээнд төсөвт байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарын гарын үсгийг шинэчлэн баталгаажуулж, хэд хэдэн байгууллагын бэлэн мөнгийг нэгтгэн бичдэг явдлыг хязгаарлан, боловсролын байгууллагуудын санхүүжилтийн хуваарийг Боловсрол, соёлын газраар боловсруулан батлуулсны дагуу төсвийн мэргэжилтэн зарцуулахын зэрэгцээ төрийн сангийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, гүйлгээний журналыг өдөр тутам хөтөлдөг болоод байна. Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн дотоодод мөрдөх журам, шийдвэрүүдийг шинэчлэн боловсруулж, багш, ажилчдын цалинг бэлэн бусаар олгож эхлэн, “Шилэн түрийвчний арга”-ыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.