Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажилтнуудад сургалт хийлээ /2011.09.27/
Авлигатай тэмцэх газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр аймаг, нийслэлийн ЗДТГ-ын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аймаг, орон нутагтаа зохион байгуулж явуулдаг ажилтнуудыг хамруулан “Шударга ёс, ил тод байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг есдүгээр 26-27 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад оролцогчдод сайн засаглалын тухай ойлголт, нийгмийн хариуцлага, үндэсний шударга ёсны тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн байгууллагын авлигын эрсдлийн үнэлгээ хийх аргачлал, орон нутгийн түвшинд шударга ёс, ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, эрх бүхий албан тушаалтны эрх үүрэг, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлэх аргачлал, Засгийн газрын 143 дугаар тогтоолын хэрэгжилтийн байдал гэсэн сэдвүүдээр Авлигатай тэмцэх газар болон холбогдох бусад байгууллагын албан хаагчид сургалт явуулж, шинэ мэдээлэл хүргэж ажиллалаа.
Авлигатай тэмцэх газарт болсон уг сургалтад аймаг, орон нутгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцохдоо аймаг, орон нутагтаа авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлынхаа талаар танилцуулж, цаашид хийх ажлынхаа чиглэлийг хамтран ярилцлаа.