Эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхижуулах сургалтыг төвийн бүсэд үргэлжлүүлэв
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг энэ удаад Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Төвийн бүсчилсэн сургалтад Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн сумдын ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 181 албан тушаалтан оролцов.
Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж болон холбогдох журмыг таниулж, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар заавар зөвлөгөө, арга зүйн зөвлөмж өгсний зэрэгцээ авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагын ил тод байдлыг хангах болон хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцлоо.
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн 2014 оны бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Ч.Баянжаргал /Орхон аймаг/, Н.Буманцэцэг /Дархан-Уул аймаг/, Ш.Ганчимэг /Сэлэнгэ аймаг/, М.Угтахбаяр /Булган аймаг/, А.Амарбаясгалан /Төв аймаг/ нарын эрх бүхий албан тушаалтныг Авлигатай тэмцэх газраас шагнаж урамшуулав.
Цаашид говийн болон зүүн бүсийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.