Nov 06, 2011         9

Архангай аймагт хэрэгжиж буй дүрэм, журмуудыг нягтлах ажил үргэлжилж байна /2011.10.05/

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн тэргүүтэй ажлын хэсэг Архангай аймагт ажиллав. Энэ удаагийн томилолтын зорилгын нэг нь төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл учруулж буй дүрэм, журмуудыг хянан үзэх, шаардлагатай бол хүчингүй болгуулах арга хэмжээг хамтран зохион байгуулахад оршиж байгаа юм.

iaac
Төрийн байгууллагуудын даган мөрдөж байгаа онц шаардлагагүй дүрэм, журмууд нь иргэдэд ихээхэн саад тотгор учруулдаг бөгөөд үүнээс улбаалсан хүнд суртлыг гэтлэн давах хүсэл нь хээл хахууль, авлигын шалтгаан нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс авлигыг таслан зогсоох, хор хөнөөлөөс нь урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааны нэг хэсэг нь төрийн байгууллагад мөрдөгдөж буй хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журмыг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох ажлыг зохион байгуулах явдал юм. Аймгуудад хэрэгжиж буй Авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд ч энэ тухай тусгасан байгаа.

Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Авлигатай тэмцэх газар ажлын хэсэг томилж, энэ ажлыг Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймагт хийсэн билээ. Архангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн үйл ажиллагаатай Авлигатай тэмцэх газрын албан хаагчид танилцав. Ажлын хэсэг дээрх нэр бүхий байгууллагуудын 2008 оны эхнээс 2010 оныг дуустал хугацаанд баталсан шийдвэрүүдийг шүүн үзэж, нэгдсэн жагсаалт гарган, тэдгээрийг хянан үзсэний үндсэн дээр хүнд суртал, чирэгдэл учруулж буй эсэхийг тогтоох юм. Хэрвээ хүнд суртал, чирэгдэл учруулж байгаа гэж үзвэл холбогдох шийдвэрээр тэдгээрийг хүчингүй болгох, өөрчлөх ажээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн шаардлагагүй дүрэм, журмуудыг хянан цэгцлэх ажлыг дараагийн удаад Завхан аймагт хийхээр төлөвлөж байна.

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us