Дорнод аймагт “Багшийн ёс зүйн хороо” ажиллаж эхлэв
Авлигатай тэмцэх газраас Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавт мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ. Тус аймгийн Хэрлэн сумын V дунд сургуулийн захирал асан Т-д холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаад эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Дорнод аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Т нь сургуулийнхаа 3 багшаас бусдаар дамжуулан хээл хахууль авсныг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар тогтоосон байна. Тус сургуулийн багш нарын дунд захиралд мөнгө өгөхгүй бол ажлаас халагдана гэсэн ойлголт давамгайлсан байжээ.
Уг хэргийг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдэлд, дунд сургуулийн захирлын ёс зүйн дүрэм, журмыг улам боловсронгуй болгох, хууль тогтоомжуудыг даган мөрдөх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын хариуцлагыг чангатгаж хяналтаа сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардсан байна.
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хариуд ирүүлсэн албан бичигт “Багшийн ёс зүйн хороо”-г есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийт багш нарт авлигын эсрэг хууль тогтоомж болон авлигын нийгэмд учруулах хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулж, аймгийн бүх сургууль, цэцэрлэгт багшийн ёс зүйн анхан шатны хороог ажиллуулж байгаа тухай дурджээ.
Мөрдөн байцаагчийн мэдэгдэлд дурдсан шаардлага, зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буйг Авлигатай тэмцэх газраас газар дээр нь очиж биечлэн шалгах юм байна.