Иргэдээс ирүүлсэн 123 гомдол, мэдээллийг шалгаж, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа /2011.06.30/
Авлигатай тэмцэх газар төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулан явуулж байна.
Өдгөө Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Үндэсний аудитын газар зэрэг гурван байгууллагын 600 гаруй албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж байгаагаас гадна хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын гурав, Усны газрын нэг албан тушаалтан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдож, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар дээрх байгууллагуудын удирдлагад албан бичиг хүргүүллээ.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын засаг дарга хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь шалгалтаар тогтоогдож, дээрх буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар удирдлагад нь хандсаны дагуу тэдэнд хуульд заасан арга хэмжээ авсан талаараа Авлигатай тэмцэх газарт хариу ирүүллээ.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдийн ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгахаас гадна төрийн албан хаагчдын хүнд суртал, дүрэм журам зөрчиж буй гэм буруутай үйлдлийн талаар мэдээллийг иргэдээс хүлээн авч, хянан шалгаж, шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд энэ оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн 123 гомдол болон мэдээллийг шалгаж, гэм буруутай нь тогтоогдсон албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлагыг тооцуулан ажиллалаа.
Төрийн байгууллагаас иргэдэд учруулж буй хүнд сурталтай холбоотой иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын судалгаанаас үзэхэд салбарын яам, агентлаг, газрын талаар 2, хууль хяналтын байгууллагын талаар 17, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын талаар 13, төрийн үйлчилгээний салбарын байгууллагуудын талаар 42, газар буюу ашигт малтмалын салбарын талаар 17, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын талаар 6, аж ахуйн нэгжийн талаар 2, төрийн бус байгууллага, бусад байгууллагын талаар 20 гомдол, мэдээлэл байна.
Жич. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан дэлгэрэнгүй болон нэмэлт мэдээлэл авах бол Авлигатай тэмцэх газрын 70112459 дугаарын утсаар холбогдоно уу.