Авлигатай тэмцэх газраас 11 эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэв /2011.06.30/
Авлигатай тэмцэх газар энэ зургадугаар сард 11 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүллээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 30 гомдол болон мэдээллийг энэ сард шалгаж байна.
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль зуучлах, хээл хахууль авах, өгөх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг.
Иргэд дээр дурьдсан гэмт хэргийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 24 цагаар ажилладаг Гомдол мэдээлэл хүлээн авах төвд биеэр ирж өгч болохоос гадна 1969 дугаарын утсаар хоногийн аль ч цагт өгч болох юм.
Авлигатай тэмцэх газар гарсан гэмт хэргийг илрүүлж, шалгахаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд мөн энэ зургадугаар сард шалгаж, шалтгаан нөхцлийг нь тогтоосон гэмт хэргийн мөрөөр уг хэргийг дахин гаргуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах мөрдөн байцаагчийн мэдэгдлийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад хүргүүлээд байна.