Apr 01, 2008         9

Төрийн албыг худалджээ /2008.04.01/

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан авлига, албан тушаалын бас нэгэн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэлээ. Энэ удаа Дорноговь аймгийн “Цомог” өртөөний дарга төрийн албан хаагчийн орон тоог худалдсан нь тогтоогджээ.

Тус өртөөний даргаар ажиллаж байсан Д.Оюун нөхөр Мандахаараа дамжуулан хахууль авсан хэргийг Авлигатай тэмцэх газраас шалган 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн билээ.

Өнгөрсөн онд иргэн Б.Баярмагнай ажлын байр сурч явахад Д.Оюуны нөхөр тааралдаж, тухайн үед өртөөний даргаар ажиллаж байсан эхнэрээсээ орон тоо байгаа эсэхийг лавлаж өгөхөөр амлажээ. Тэрээр иргэн Б.Баярмагнайд дээрх өртөөнд галчаар ажиллах боломж байгааг мэдэгдээд эхнэрийнх нь гарыг цайлгавал ажилд авч болохыг сануулсан байна. Нэхсэн мөнгийг нь өгч, ажилд орсны дараа өртөөний дарга Д.Оюун “Намайг энд байгаа цагт хоёр, гурван жилдээ л ажилтайгаа байна” гэж түүнд амлаж байв. Д.Оюуныг ингэж төрийн албыг хувийн эд хөрөнгө мэт наймаалснаас хойш нэг жилийн дараа Б.Баярмагнай ээлжийн амралтаа эдлээд ирэхдээ өөрийнх нь оронд өөр нэг этгээдийг ажиллуулж байгааг мэджээ. Д.Оюунаас энэ талаар лавлахад, ээлжийн амралтаа эдлэхээсээ өмнө уулзаж, цаашид ажиллах эсэх тухайгаа мэдэгдэн “асуудлаа цэгцлэхгүй яадаг юм бэ” гэж зэмлээд, өртөөнд ажиллахыг хүсч байвал дахин хахууль өгөх ёстой гэсэн байна. Энэ удаад өртөөний даргын гарыг хүндрүүлэх мөнгө олдоогүй учир Б.Баярмагнай ажилгүй хоцорчээ.

Дорноговь аймгийн Сум дундын шүүх Д.Оюуны энэ үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-ийг зөрчсөн хэмээн үзэж, 2008 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн шийдвэрээрээ хахуульд авсан мөнгийг улсын орлого болгон, түүнд нэг жилийн хорих ял оноосон байна. Харин нөхөр Мандахыг нь хээл хахууль өгч, авахад зуучилсан хэмээн Эрүүгийн хуулийн 270.1 дүгээр зүйлээр торгох ял оноожээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us