НҮБ-ын шинжээч Монголд ажиллав /2011.05.20/
Катарын нийслэл Доха хотноо 2009 онд болсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон орнуудын бага хурлын гуравдугаар чуулганаар Конвенцийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх механизмыг баталсан бөгөөд оролцогч улс бүр Конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгааг таван жил тутамд нэг удаа хянан, үнэлж байхаар шийдвэрлэсэн. Энэ дагуу улс орон бүр Конвенцийг үндэсний хэмжээнд хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлгээ хийх зорилгоор Удирдах зөвлөлд нь төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан үндэсний шинжээчдийн багийг ажиллуулж, Конвенцийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулж байна.
Базелийн засаглалын хүрээлэнгийн ажилтан Педро Гомес Перейра тэргүүтэй НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны шинжээчдийн баг Монголд хэд хэдэн удаа ирж, өөрийн үнэлгээний тайланг боловсруулах явцад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байсан юм.
Ноён Педро Гомес Перейра НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн урилгаар энэ сарын 11-17-ны өдрүүдэд Монголд ажиллалаа. Тэрээр энэ удаад Монгол Улсад НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх өөрийн үнэлгээний тайланг танилцуулахаар иржээ.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг хүлээдэг Улсын Дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Авлигатай тэмцэх газар зэрэг төрийн байгууллагуудын болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан иргэний нийгмийн, мөн хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайланг танилцуулж, мөн Улсын Дээд шүүх, Нийслэлийн прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллага дээр хэлэлцүүлэг зохион байгуулахад оролцсон юм.
Хэлэлцүүлгээр хуулийн байгууллагууд авлигын асуудлаар нэгдмэл ойлголт, мэдээлэлтэй байх, олон улсын конвенцийг практикт хэрэглэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үзэл баримтлалд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хөндсөн байна.