Jun 28, 2011         6

Хуурамч тэмдэглэл, дүгнэлт үйлдсэн албан тушаалтнуудын хэргийг шүүх шийдвэрлэлээ /2011.05.31/

Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгодог нөхөн төлбөрийг гаргуулах гэж үнэн шударгаар ажиллахаа батлан тангарагласан төрийн албан хаагчид гэмт хэрэг үйлджээ.

Талийгаачид задлан шинжилгээ хийгээгүй хэрнээ хийсэн мэтээр хуурамч тэмдэглэл үйлдсэн эмч Ц, эмчийн хуурамч тэмдэглэлийг үндэслэн мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр нас барсан гэдэг хуурамч дүгнэлт гаргасан мэргэжлийн хяналтын байцаагч О, тэднээр ийм үйлдэл хийлгэхийн тулд хээл хахууль өгсөн иргэн О нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн сум дундын шүүх хянан шийдвэрлэсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтан Д ажлын бус цагаар явж байгаад нас барсныг ар гэрийнхэн нь задлан шинжилгээнд оруулалгүйгээр хөдөөлүүлжээ. Гэвч сарын дараа уг үйлдвэр мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт нөхөн олговор олгодгийг санаж нөхөн олговор авахаар хөөцөлдсөн байна. Нөхөн олговор авахад талийгаачийг мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан гэдэг баримт, баталгаа шаардлагатай болжээ. Тиймээс иргэн О-д Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ, оношлогоо, чанарын хяналтын улсын байцаагч найз О нь талийгаач Д-д задлан шинжилгээ хийсэн мэтээр хуурамч тэмдэглэл хийлгэхийг зөвлөн, Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Ц-тэй ярин асуудлыг зохицуулжээ. Иргэн О-гийн өгсөн өвчтөний түүхийг үндэслэн эмч Ц талийгаач Д-д задлан шинжилгээ хийсэн мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэн, гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Эмч Ц-гийн ирүүлсэн задлан шинжилгээний тэмдэглэл хуурамч гэдгийг мэдсээр байж уг тэмдэглэлийг үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагч О нь талийгаач Д-гийн өвчин мэргэжлээс шалтгаалсан өвчний бүлэгт хамаарах тухай хуурамч дүгнэлт үйлдэж, уг дүгнэлтээр нөхөн төлбөр олгогдох үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг мөн л зориуд хуурамчаар үйлджээ.

Задлан шинжилгээний хуурамч тэмдэглэл үйлдэж өгснийх нь хариуд иргэн О эмч Ц-д 300 мянган төгрөг “Буяны юм” нэрийдлээр хээл хахууль болгон өгчээ.

Дээрх хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, шилжүүлсний дагуу Орхон аймгийн сум дундын шүүх хянан хэлэлцээд эмч Ц- нь албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хээл хахууль авсан гэм буруутай, мэргэжлийн хяналтын улсын байцаагч О нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг зориуд хуурамчаар үйлдсэн гэм буруутай, иргэн О-нь албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус, тус гэм буруутайг тогтоосон байна. Дээрх хүмүүс хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлан, шууд санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзээд шийдвэрээ гаргажээ.

Шүүхийн шийдвэрээр мэргэжлийн хяналтын улсын байцаагч О-г хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмч Ц-г үйлдсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзах ял оногдуулсан байна. Мөн түүний эмчээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.

Иргэн О-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу таван сая зургаан мянга арван зургаан мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, хээл хахуульд өгсөн 300 мянган төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.

Хэдхэн төгрөгийн нөхөн олговор гаргуулахын тулд хууль бус үйлдэл хийж гэмт хэрэгтэн болсон эмч, байцаагч, иргэдийн холбогдсон дээрх хэрэг бусад хүмүүст сургамж, санамж болох биз ээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us