Jun 28, 2011         15

Судалгаанд оролцохыг урьж байна /2011.06.10/

Та бүхнийг Монгол Улсын Авлигын индексийг тооцоход шаардлагатай мэдээллийг цуглуулах Шинжээчдийн төсөөллийн судалгаанд оролцохыг урьж байна. Шинжээчдийн төсөөллийн судалгааны зорилго нь тодорхой нутаг дэвсгэр (аймаг, нийслэл), төрийн захиргааны байгууллага (яам, агентлаг) дахь авлигын цар хүрээ, авлигын хэлбэр, шалтгаан, эдийн засгийн хор уршиг зэргийг тодорхой шалгуураар сонгосон шинжээчдээр үнэлүүлэхэд оршино.

Судалгаанд сонгогдсон шинжээчид нь үнэлж буй салбар болон аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудын авлигаас урьчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх өөрт байгаа болон олж цуглуулсан мэдээллээ нэгтгэн дүгнэж, үүндээ үндэслэн судалгааны асуулгыг бөглөж Авлигатай тэмцэх газарт ирүүлэх ажлыг гүйцэтгэх болно.

Шинжээчдээр дараахь байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг сонгон авч судалгаанд оролцуулна. Үүнд:

  1. Тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага буюу яам, агентлаг, тэдгээрийн орон нутаг дахь салбар нэгжийн ажилтнууд;
  2. Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар, сум, дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар тус бүрээс, түүнчлэн баг, хорооны Засаг дарга нар;
  3. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж, нутгийн захиргааны байгууллагуудтай ямар нэг байдлаар хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн удирдлагууд;
  4. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж, нутгийн захиргааны байгууллагуудтай ямар нэг байдлаар хамтран ажилладаг Төрийн бус байгууллагын ажилтнууд;
  5. Тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, салбарын яам, агентлагуудтай холбогдож ажилладаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл;
  6. Тухайн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллага, тэдгээрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл; 
  7. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй, салбарын яам, агентлагуудтай холбогдож ажилладаг Төрийн бус байгууллагын ажилтнууд;
  8. Тухайн салбарт судалгаа хийдэг судлаачид гэх мэт.

Шинжээчдийн төсөөллийн судалгаагаар дараахь салбарыг үнэлүүлэх болно. Үүнд:

  1. Сангийн сайдын эрхлэх асуудлын
  2. Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын
  3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын
  5. Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын
  6. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын
  7. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын
  8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын
  9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын
  10. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын
  11. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын
  12. Шадар сайдын эрхлэх асуудлын
  13. Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага (21 аймаг болон нийслэл тус бүрээр)

Хэрэв та бүхэн Шинжээчдийн төсөөллийн судалгаанд оролцож авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсвэл дараах анкентыг бөглөн gbbatzorig@iaac.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

Манай албаны зүгээс судалгаанд оролцохоор материалаа хүмүүсийн мэдээлэлд үндэслэн шинжээчид тавигдах шаардлагын дагуу шалгаруулан та бүхэнтэй эргэн холбоо барих болно.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
Хаяг: 5-хороолол, Сөүлийн гудамж 41, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улсын Авлигатай тэмцэх газар
Утас: 70112565, 70113565

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us