Улс төр, хууль хяналтын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа /2011.03.29/
“Мянганы хөгжлийн 9 дэх зорилтод дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн багтай хамтран боловсруулсан арга зүйн дагуу АТГ-аас “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл 2010” судалгааг явуулан үр дүнг нэгтгэн гаргалаа. Энэхүү судалгааг мянганы хөгжлийн 9 дэх зорилтын хүрээнд гурав дахь жилдээ хийж байгаа юм.
Өмнө нь 2008, 2009 онуудад дээрх судалгааг хийж, үр дүнг нь олон нийтэд мэдээлж байсан. Улс төр, хууль хяналтын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн үнэлгээ 2010 онд 4.07 болж, 2009 оныхоос 0.12 пунктээр өссөн дүнтэй гарсан байна.
Энэхүү судалгааг гурван жил дараалан явуулснаар улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын нөхцөл байдлын өөрчлөлт, хөдөлгөөнийг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олгож байгаа юм. Мөн судалгаа нь авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг шинжээчдийн үнэлгээгээр тодорхойлж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай мэдээллийг өгөх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгааны үр дүн нь:
- Энэ хүрээн дэх авлигын асуудалд хэн их өртөмтгий байна вэ?
- Авлига үүсэхэд ямар хүчин зүйлс голлон нөлөөлж байна вэ?
- Авлигын асуудал хэрхэн биелэлээ олж байна вэ? (үйлдэл, нөлөөлөл)
- Авлигын асуудал юунд чиглэгдэж байна вэ?
- Ямар хэлбэрээр илрэн гарч байна вэ?
- Ямар аргыг хэрэглэж байна вэ?
- Авлигаар олсон хөрөнгөө юунд зарцуулж байна вэ?
- Энэ асуудлыг шийдэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуудлуудад хариулт өгөх боломжтой болсноороо онцлогтой.
Судалгааны үр дүн нь зөвхөн судалгаанд хамрагдсан шинжээчдийн төсөөлөл, үнэлгээ, дүгнэлт юм.
“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл 2010” болон “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл 2009” судалгааны тайлан, дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn сайтын Судалгаа, шинжилгээ цэснээс буюу https://www.iaac.mn/old/pdf/ssha/Report_CPPLS_2010_new.pdf линкнээс үзэх боломжтой.