Jun 28, 2011         5

Барилгын засварын ажлын 26 сая төгрөгийг үрэгдүүлжээ /2011.04.07/

Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ.
Албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Б-д 26 сая төгрөгийг завшиж, үрэгдүүлэх боломж олгосон гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт шилжүүлээд байна. Дээрх мөнгийг тус аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын барилгын засварын ажилд зарцуулах учиртай байжээ.

Энэ гэмт хэрэг гарахад хэд хэдэн нөхцөл, шалтгаан нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газар үзэж байна. Тухайлбал, Увс аймагт тендерийг зарлалгүйгээр оны эцэст төсвийн мөнгийг авч үлдэхийн тулд сонгон шалгаруулалтын хуурамч материал бүрдүүлдэг байдал давамгайлжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлдэггүй, ерөнхий менежерийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, зөрчлийг шалгаж илрүүлэх тогтолцоо хангалтгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй ханддагаас гадна албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх боломжийг олгож, хууль бусаар давуу байдал олгох эрх зүйн зөрчлийг бүрдүүлсэн байна. Үүгээрээ Авлигын эсрэг хууль болон Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн аж.

Авлигатай тэмцэх газраас илгээсэн Мөрдөн байцаагчийн мэдэгдэлд, дээрх хуулиудын заалт бүрийг хэрэгжүүлэн ажиллах, дахин ийм зөрчил, дутагдал гаргуулахгүй байх талаар анхаарах, дотоодын хяналт шалгалтыг гүйцэтгэх, идэвхжүүлэх, холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох зэргээр арга хэмжээ авахыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас шаардсан байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us