Орхон аймгийн төрийн 10 байгууллагад ёс зүйн хороо ажиллаж байна /2011.04.27/
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид энэ сарын 26 ны өдөр Орхон аймагт ажиллав. Ажлын хэсэг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийнхаа хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаатай танилцлаа. Тус аймаг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г нэлээд үр дүнтэй хэрэгжүүлж буй бөгөөд сүүлийн үед энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёлын газар болон Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар зэрэг 10 төрийн байгууллагад төрийн албан хаагчдын ёс зүйг төлөвшүүлэх, тэдний ёс зүйн манлайллыг бий болгох зорилгоор Ёс зүйн хороо байгуулагдан ажиллаж эхлээд байна.
Түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдон төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт шалгалтын ажил хийсэн ажээ. “Шалгалтад 24 байгууллагыг хамруулан, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа” гэж Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ганболд хэллээ.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Орхон аймагт “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт”, “Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь”, “Төрийн байгууллагын ил тод байдлыг хангах нь” зэрэг сэдвүүдээр төрийн албан хаагчид болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа. Сургалтад оролцогчид “Хүн мэддэггүйгээсээ болж алдах нь бий. Зарим нь мэдсээр байж алдаа гаргах нь ч байдаг. Та бүхний хийсэн энэ сургалтууд мэдэхгүйд нь танин мэдүүлж, мэддэгийг нь сануулж байгаа чухал ач холбогдолтой ажил боллоо” хэмээн санал, сэтгэгдлээ илэрхийлж байв.