Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Булган аймагт ажиллав /2011.04.27/
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид энэ сарын 25-ны өдөр Булган аймагт ажиллав. Тэд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын нийгмийн хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах, мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ажиллах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах, төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж байгаа юм. Томилолтын эхний өдөр тэд Булган аймгийн 395 төрийн албан хаагчдад “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Нийгмийн хариуцлага”, “Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь”, “Төрийн байгууллагын ил тод байдлыг хангах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Булган аймаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээнээс аймгийн Засаг даргатай хамтарсан “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Төсвөө уншиж сурцгаая” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдан ажиллагааны арга зүйн сургалт зохион байгуулах, олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт үнэлгээ хийх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд түшиглэн “Хуулийн цаг”, “Иргэдээ сонсъё” булан хөтлөн ажиллуулж байгаа юм байна. Сүлжээнээс санаачлан, аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтарч бүх суманд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэний нийгмийн зөвлөлийн салбар сүлжээг байгуулан ажиллахаар зорьж буй ажээ. Энэ хүрээнд саявтархан сумдын Засаг дарга нарыг цуглуулан авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр мэдээлэл өгч, арга зүйн дэмжлэг үзүүлжээ.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллах юм.