Jun 28, 2011         7

Өвөрхангай аймагт хэрэгжиж буй дүрэм, журмуудыг нягталж эхэллээ /2011.05.09/

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ удаагийн томилолтын зорилго нь төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл учруулж буй дүрэм, журмуудыг хянан үзэх, шаардлагатай бол хүчингүй болгуулах арга хэмжээ авахад оршиж байгаа юм. Төрийн байгууллагуудын даган мөрдөж байгаа онц шаардлагагүй дүрэм, журмууд нь иргэдэд ихээхэн саад тотгор учруулдаг бөгөөд үүнээс улбаалсан хүнд суртлыг гэтлэн давах хүсэл нь хээл хахууль, авлигын нэгэн нөхцөл, шалтгааныг бүрдүүлдэг байна. Тиймээс авлигыг таслан зогсоох, хор хөнөөлөөс нь урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааны нэг хэсэг нь төрийн байгууллагад мөрдөгдөж буй хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журмыг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох ажлыг зохион байгуулах явдал юм. Аймгуудад хэрэгжиж буй Авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд ч энэ тухай тусгасан байгаа.

Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Авлигатай тэмцэх газар ажлын хэсэг томилж, энэ ажлын орон нутаг дахь анхны шанг Өвөрхангай аймгаас эхлүүлж байгаа нь энэ ажээ. Тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа орлоо. Ажлын хэсэг дээрх нэр бүхий байгууллагуудын 2008 оны эхнээс 2010 оныг дуустал хугацаанд баталсан шийдвэрүүдийг архиваас шүүн үзэж, нэгдсэн жагсаалт гарган, тэдгээрийг хянан үзсэний үндсэн дээр хүнд суртал, чирэгдэл учруулж буй эсэхийг тогтоох юм. Хэрвээ хүнд суртал, чирэгдэл учруулж байгаа гэж үзвэл хэрхэн шийдвэрлэх талаар санал гаргаж, эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх ажээ.

“Дүрэм, журмуудыг хянан үзэж, шаардлагагүйг нь хүчингүй болгуулна гэдэг яах аргагүй чухал ажил. Иргэдийг чирэгдүүлэхээс гадна төрийн байгууллагын үйл ажиллагаанд ч хүндрэл учруулдаг шийдвэр олон бий. Манай аймгийн хэмжээнд 194 хөтөлбөр, тэдгээрийн 80 хувьтай тэнцэхүйц тооны дэд хөтөлбөр хэрэгжиж байдаг. Тиймээс энэ ажилд манай ажлын хэсэгт орсон байгууллагуудын дарга нар идэвхтэй оролцох хэрэгтэй” гэж уг ажлын хэсгийн ахлагч, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баяртогтох хэлж байв.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн шаардлагагүй дүрэм, журмуудыг хянан цэгцлэх ажлыг дараагийн удаад Сүхбаатар аймагт хийхээр төлөвлөж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us