Н.Ганболд: Чуулга уулзалтаас гаргасан ажил хэрэгч санал бүрийг Авлигатай тэмцэх газар дэмжиж хамтран ажиллахад бэлэн
-“Нээлттэй Улаанбаатар-2014” форумын нээлтийн арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын хэлсэн үг-
Эрхэмсэг хатагтай, ноёд оо
Эрхэм зочид, төлөөлөгчид өө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо орон нутгийн Засаг захиргаа, иргэний нийгэм, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллага, гадаад, дотоодын судлаачдын төлөөлөл бүхий “НЭЭЛТТЭЙ УЛААНБААТАР-2014” форумыг зохион байгуулах тухай санаачлагыг миний бие сайшаан дэмжсэн бөгөөд чуулга уулзалтын үйл ажиллагаанд манай байгууллагын төлөөллийг оролцуулж санал бодлоо хуваалцах боломж олгосон Та бүхэнд Талархаж байгаагаа илэрхийлье.
Энэхүү чуулга уулзалтын хөтөлбөрт “Авлигын эсрэг” асуудлаар тодорхой хэлэлцүүлгүүд явуулж, олон улсын шилдэг туршлагуудтай танилцуулахаар төлөвлөсөн нь авлигын шалтгаан нөхцөлийг тодруулах, цар хүрээг нь бууруулах чиглэлээр төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга замыг тодорхойлоход өнөөдрийн чуулга уулзалт үнэтэй хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Нийгмийн бүхий л хүчин авлигын эсрэг хамтдаа тэмцэх үүрэг хүлээсэн энэ цаг үед энэхүү арга хэмжээнд оролцож байгаа салбар бүрийн төлөөлөл болсон та бүхэн авлигатай хийх тэмцлийг бүх хүрээнд зохион байгуулах чиглэлээр хэлэх үг, хэрэгжүүлэх тодорхой санаа бодол, зорьсон зорилготой хүрэлцэн ирсэн гэдэг нь эргэлзээгүй юм.
Энэхүү үйлсэд Авлигатай тэмцэх байгууллагын хамт олон бид манлайлан оролцох нэн хариуцлагатай үүргийг хүлээсэн бөгөөд түүхэн үүргээ нэр төртэй, олон түмний итгэлд хүрэхүйц хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Төрийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, бүх шатанд хүнд суртал, шат дамжлагыг багасгах, төрийн албан хаагчийн ёс зүйг төлөвшүүлэх нь бид бүхний нэн тэргүүний зорилтын нэг байж ирсэн бөгөөд бид бурууд хатуу, зөвд зөөлөн хандах нь зүйд нийцнэ гэж үздэг.
Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх урьдач нөхцөл нь албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах явдал мөн болох нь ялангуяа төсөв батлах, зарцуулах шатанд түлхүү илэрч байдаг нь нууц биш билээ.
Тиймээс ч олон улсын хэмжээнд төсвийн ил тод байдлыг чухалчлан үзэх нь авлигын хүрээг хумих, эдийн засгийг эрүүлжүүлэх, иргэдийн итгэлийг бэхжүүлэх, үр ашигтай шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх таатай нөхцөл болдогийг энэ чиглэлээр олон улсын хэмжээнд зохион байгуулсан олон төрлийн судалгааны дүнгүүд тодорхой харуулсаар байна.
Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах талаар улс төрийн хүсэл эрмэлзэл өндөр байгааг төсвийг төлөвлөх, батлах, зарцуулах үйл ажиллагаанд иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргагчдын бүтээлч олон санал, санаачилга, баталсан олон арван хууль тогтоомж, түүнийг дагалдан гарсан журам заавар, зөвлөмж, стандарт, аргачлалаас бэлхнээ харж болно.
Гагцхүү тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхэд нийтийн албан тушаалтан хэн бүхний хүсэл зориг, хүчин чармайлт юу юунаас чухал байгааг дахин давтан тэмдэглэмээр байна.
Орон нутгийн түвшинд авлига болоод ашиг, сонирхлын зөрчлийн хэлбэрийг агуулсан төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт, худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагддаггүй, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд зохих эзэндээ хүрдэггүй, хуулиас давсан шийдвэрүүд гаргадаг байдлууд дорвитой буурахгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан сөрөг үзэгдлийг эрүүлжүүлэхэд улс орны нүүр царай, өнгө төрхийн илэрхийлэл болсон нийслэлчүүд Та бидний сэтгэл зүтгэл, үлгэр жишээ байдлууд нэн чухал бөгөөд төрийн үйлчилгээ, нийтийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх, сахих зарчмыг хэрэгжүүлэгч түүчээ нь байх учиртай.
Чуулга уулзалтаас гаргасан ажил хэрэгч санал санаачилга бүрийг Авлигатай тэмцэх газар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд энэхүү чуулга уулзалтад оролцогч төлөөллүүд шилдэг санаа, туршлага, сургамжаа харилцан нээлттэй солилцож, ажил хэрэгч санал дүгнэлт гарган, бүтээлч, халуун дотно хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт бүрнээ итгэлтэй байна.
Төрийн албыг цэвэр, тунгалаг байхад чиглэсэн аливаа санал санаачилга бүхэн түгэн дэлгэрэх болтугай.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
“Blue sky” цамхаг
“Даймонд” танхим