Орон нутаг дахь төрийн бус байгууллагууд мониторинг хийх арга зүйд суралцаж байна /2011.02.09/
Авлигатай тэмцэх газар, Дэлхийн банк, Нээлттэй нийгэм форумаас хамтран зохион байгуулж буй “Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний мониторингийн арга зүй” сэдэвт сургалт өнөөдөр Сүхбаатар, Орхон аймагт нэгэн зэрэг эхэллээ. Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөл оролцож байгаа уг сургалт гурван өдрийн турш үргэлжлэх юм.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтын үйл ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын санаачилгаар орон нутаг дахь төрийн бус байгууллагууд сүлжээ байгуулан ажиллаж байгаа билээ. Төрийн бус байгууллагуудын сүлжээнээс аймгийнхаа Засаг дарга болон Авлигатай тэмцэх газартай байгуулсан гурвалсан гэрээний дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, тэдгээрт иргэдийн дуу хоолойг хүргэх, төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох чиглэлээр тодорхой үйл ажиллагаа зохион байгуулан ажилласаар гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээг чадавхижуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад Дэлхийн банкны дэмжлэгээр төрийн үйл ажиллагаанд мониторинг хийх арга зүйг эзэмшүүлэх сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Баруун бүсийн төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчдөд зориулсан мониторингийн арга зүйн сургалт Баянхонгор аймагт ирэх долоо хоногт болох ажээ. Төрийн бус байгууллагууд мониторингийн арга зүйг эзэмшсэнээр орон нутгийн төсвийн ил тод байдалд болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд иргэний нийгмийн хяналтыг бий болгох, идэвхжүүлэх ач холбогдолтой билээ.
Сүхбаатар аймагт эхэлсэн сургалтад тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч Т.Шинэхүү, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан О.Цэнгэлбаатар нар оролцож байна.