“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, зарим аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын зэрэг нийт 258 төлөөлөгч оролцож байна.
Авлигын эсрэг олон улсын форумын нээлт дээр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэх газар бурууд хатуу, зөвд зөөлөн хандах бөгөөд төрийн албыг цэвэр, шударга байлгахын төлөө аливаа санал, санаачилгыг дэмжин ажиллах болно” гэж онцлон тэмдэглэв. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Авлига гэдэг зүйл манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа хамгийн аймшигтай зүйл болоод байна. Тиймээс авлигын эсрэг та бид нэг сэтгэлээр хамтран тэмцэж, энэ форумаар чин сэтгэлээсээ ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцахыг хүсч байна. Авлигын эсрэг тэмцэж байгаа хүн бүхнийг би эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэж байна гэж хэлмээр байна” хэмээн онцоллоо. Мөн Дэлхийн банкны судалгаагаар нийслэлийн нутаг дэвсгэрт 2003-2012 оны хооронд олгосон газруудыг газрын дуудлага худалдаагаар худалдсан бол 2012 оны нийслэлийн төсвийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлогыг олох байсан нь авлига гэдэг зүйл эдийн засагт ч ямар их сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна гэсэн юм.
“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум эхний өдрөө хөтөлбөрийн дагуу үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. Энэ удаагийн форумд нийслэлийн Засаг даргын урилгаар Станфордын их сургуулийн профессор Ларри Даймонд оролцож байгаа бөгөөд “Авлигад хяналт тавих-Институцийн шинэчлэл ба иргэний нийгмийн дайчилгаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус форумаас “Авлигын эсрэг Улаанбаатар” тунхаглалыг гаргахаар зохион байгуулагчид төлөвлөж байна.