Хүүхдийг шударга хандсаных нь төлөө магтах, сайшаах, урамшуулах хэрэгтэй
Авлигатай тэмцэх газраас Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран зохион байгуулсан “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээс харахад хүүхдүүдэд шударга ёсны талаар хичээл орох, энэ талаар үйл ажиллагаа зохиох нь тэдний шударга байдлын түвшинд эерэгээр нөлөөлж байна. “Танай ангид ямар нэгэн байдлаар шударга ёсны талаар хичээл орох, эсвэл энэ төрлийн үйл ажиллагаа зохиогддог уу” гэсэн асуултад “Тийм” гэж хариулсан хүүхдүүдийн шударга байдлын түвшин “Үгүй” гэж хариулсан хүүхдүүдийнхээс 0.16 пунктээр илүү байв.
Түүнчлэн найз нөхдийн хүрээ тухайн хүүхдийн шударга байдлын түвшинд нөлөөлж буйг судалгааны дүнгээс харж болохоор байна. “Таны найз шударга бус үйлдэл хийхийг танаас хүсдэг үү” гэсэн асуултад зөвхөн 55.2 хувь нь л “Огт үгүй” гэж хариулжээ. Хүүхдийг шударга хандсаных нь төлөө магтах, сайшаах, урамшуулах нь хүүхдүүдийн шударга байдлын түвшинд эерэгээр нөлөөлж байгаа өөр нэг чухал хүчин зүйл болохыг судалгааны дүн харууллаа. Хүүхдүүд шударга ёсны талаарх мэдээллийг гэр бүл, сургуулийн орчноос авах нь илүү үр дүнтэй байна.
Хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдаас санамсаргүй байдлаар 802 хүүхдийг сонгож хамруулсан тав дахь удаагийн судалгаагаар хүүхдүүдийн шударга байдал өмнөх онуудынхаас 1.1 пунктээр өссөн эерэг дүнтэй гарсан билээ.