Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Авлигатай тэмцэх газар “Ил тод байдлыг дэмжих түншлэл” төрийн бус байгууллагын сүлжээтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Ил тод байдлыг дэмжих түншлэлийн зохицуулагч, Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал нар гарын үсэг зурав.
Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх, төрийн байгууллагын ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн судалгаа, хяналт мониторинг, сургалт, соён гэгээрлийн аливаа арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор уг Санамж бичгийг байгуулжээ.
Санамж бичгийн хүрээнд авлигыг бууруулах, ил тод байдлыг дэмжих чиглэлийн хууль тогтоомжийн төслүүд, хуулийн өөрчлөлт, шинэчлэлтэд холбогдох талуудын саналыг тусгуулах, талуудаас хэрэгжүүлсэн судалгааны дүнгүүдэд тулгуурлан санал боловсруулж, хууль тогтоох байгууллагад хүргүүлэх, бодлогод тусгуулахаар нөлөөлөх, мэдээллээр хангахад хамтран ажиллах, авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд таниулахад чиглэгдсэн мэдээллийн кампанит ажил, сургалт, соён гэгээрлийн аливаа үйл ажиллагаанд талууд өөрсдийн боломж, нөөц, туршлага, аргачлалд тулгуурлан хамтарч ажиллах юм.
Түүнчлэн хяналт, хөндлөнгийн аудит, бодлогын дүн шинжилгээ, хэрэгжилтийн үнэлгээ, төсөв, санхүүжилтийн мониторинг, бодлого, эрх зүйн шинэчлэлийн нөлөөлөл, олон нийтийн кампанит ажил зэрэг чиглэлээр авлигын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлэхээр талууд харилцан тохиролцлоо.