“Шударга ёс–2010” Г.Золжаргал: Хүн хүсэл, шуналаа дарж сурах хэрэгтэй /2010.12.07/
-Дур зоргоороо авирладаг явдал газар авсан нь нийгмийн тодорхой шатыг дамжаагүйн хор, гор юм болов уу даа-
Авлигын эсрэг олон улсын өдөр буюу арванхоёрдугаар сарын 9-нийг манай улс гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн хувьд мөн Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө - 2010” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд шударга ёс гэж юу вэ, шударга ёсыг тогтоохын төлөө хэн, юу хийх вэ, шударга ёсыг яаж тогтоох вэ гэсэн сэдвээр нийгмийн янз бүрийн салбарын төлөөлөгчдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор ярилцлаа. Тэдний нэг нь МҮОНТ-ийн нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, утга зохиолын нарийн бичигийн дарга, сэтгүүлч Гомбын Золжаргал байлаа.
-Манай нийгэмд авлига авдаг, өгдөг, албан тушаалаа ашигладаг гэх зэрэг шударга бус үзэгдэл нэлээд гарч байна. Тиймээс ч нийгмийн энэ сөрөг үзэгдэлтэй тэмцэх асуудал чухлаар тавигдаж байгаа. Бидний ярилцаж байгаа зорилго ч тийм. Яаж яваад ийм нийгэм бий болчихсон юм бол. Сэтгүүлч хүнийхээ хувьд та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Яагаад авлига байна, улстөрчид, төрийн албан хаагчид албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашиглаж байна, шударга бус явдал гаргаж байна гэдэгт хүн бүр л өөр өөрийн үнэлэмжээр хариулах байх.
Миний ойлгодгоор бид нийгмийн нэг байгуулалтаас нөгөө байгуулалтад маш богинохон хугацаанд шилжиж ирсэн. Социализмын үед бүгдээрээ нийгэм журмыг байгуулна гээд, бүгд л төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн төвлөрсөн удирдлаган дор хүмүүжиж байтал нийгэм гэнэт орвонгоороо эргэж, илүү зах зээллэг, арилжаа худалдааныхаа асуудлыг түлхүү хөгжүүлсэн нийгмийн харилцаа руу яваад орчихсон. Авлига авдаг, албан тушаалаа ашигладаг гэх зэрэг нийгмийн энэ бүх сөрөг үзэгдэл өмнөх нийгэмд ямар хүмүүжил, ёс суртахуунтай байсан, аж ахуй эдийн засгийн хувьд ямар амьдралтай байсан гэдэгтэй шууд хамааралтай үүссэн болов уу. Өөрөөр хэлбэл бид наян жил бүгд тэгш ядуу амьдарч ирж. Оюун санааны хувьд, материаллаг амьдралын хувьд ч ядуу байж. Ная гаруй жил ингэж явсан зам мөрийн гор нь нийгэм, эдийн засаг эрх чөлөөтэй болохоор хүний оюун, ухамсарт их нөлөөлдөг юм байна л даа. Нийгэм өнөөдөр эмх замбараагүй болсон, дур зоргоороо аашилдаг явдал газар авсан нь нийгэм алгассан, нийгмийн тодорхой шатыг дамжаагүйн хор, гор юм болов уу.
Хүн шударга хөдөлмөрөөр өмчтэй болж байж, өмчийн харилцаанд суралцаж байж шударгаар ажиллаж, амьдрахын үнэ цэнийг мэддэг болдог байх. Харин бид тэгээгүй. Манай дийлэнх хөрөнгөтнүүд, баялагтай хүмүүс тэр баялаг, хөрөнгөө ямар замаар олж авсныг, хуримтлуулсныг бид бүгдээрээ гадарлана. Ардчилсан нийгэмд хүмүүжээгүй, ялангуяа өмчтэй байж үзээгүй хүмүүс гэнэт тэдгээр зүйлийнхээ барааг харахаар ёс суртахуун нь их доройтолд ордог, унадаг юм байна. Хүнд байгалиас өгсөн хүсэх, шунах тэр шинж нь сэдэрдэг юм байна гэдгийг бид харлаа. Гэвч аажимдаа ёс суртахууныхаа хувьд, хүнийхээ хувьд төлөвшин хүмүүжиж, тэгснийхээ дараа жинхэнэ ёсоороо шударгаар ажиллаж, амьдрахад суралцах байх. Үүнд ямар хугацаа зарцуулагдах ёстойг хэлж мэдэхгүй юм.50-60 жилийн дараа ч юмуу, ямар хугацаа орох юм бүү мэд. Уг нь богинохон хугацаа байвал зүгээр л юм. Гэвч болохгүй юм шиг байна аа.
-Болохгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?
-Мянган жилийн ч юмуу, хоёр мянган жилийн ч өмнө юмуу, төр хэзээ үүссэн тэр цагаас эхлээд хууль ёсыг баримталж, хууль ёсны дагуу л нийгмийн амьдралыг хөгжүүлэх ийм л зарчимтай, ийм л замтай байсан. Үүнээс өөр арга зам хүн төрөлхтөн бодож олоогүй. Тэгэхээр хуулийнхаа дагуу ажиллаж, амьдрах ёстой, ийм л жамтай. Харин, магадгүй бид эсрэгээр нь явсан. Товчоор хэлэхэд хуулиа мөрдөөгүй, хэрэгжүүлээгүй, нийгмийн хөгжлийг зөв явуулах хуулиуд ч гаргаагүй. Үүнээс үүдэлтэй янз бүрийн завхралууд их гарч байна. Энэ их айхтар хүсэл, шунал, тачаал хэзээ дарагдаж, номхрох юм, хэзээ сэтгэл оюун нь ариусах юм. Тэр цагт итгэл найдвар бий болох байх аа. Зайлшгүй цаг хугацаа шаардсан зүй тогтол гэж байна. Тэгэхээр хугацаа хэрэгтэй байх гэж л бодож байна. Гэвч цаг хугацааг хүлээснээс цаг хугацааг хожих арга нь илүү дээр ч байж болох юм. Тухайлбал, нийгмийн хөгжлийн чиг баримжааг зөв явуулах нь тухайн нийгмийг хөтөлж, удирдаж авч яваа төрийн байгууллагууд, гүйцэтгэх засаглалын байгууллагын үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг учраас төрийн хүчтэй бодлого, хүчтэй удирдагч, сайн хуульчид, эх оронч хүмүүс хэрэгтэй. Улс оронд шударга иргэн, эх оронч хүмүүс, амь биеэ хайрлахгүй тэмцдэг удирдагч, лидерүүд төрөн гарснаар завхралуудыг арилгаж, гүнзгий хямралаас аль болох богино хугацаанд гарах боломжтой.
Нөгөө талаас хүн бүр хүсэл шунал гэдэг юмаа дарж сурах хэрэгтэй. Хүн эхлээд нэг давхар байшинтай байснаа болчихлоо гэж бодож байсан. Гэтэл хоёр давхар болгоё гэсэн, дараа нь хорин давхар болгохгүй бол сэтгэл нь амрахгүй болсон. Цаашдаа 200 давхар байшин мөрөөднө. Энэ байдлыг хөгжил гэж үзэх үү. Хэр хэмжээнээс хэтэрсэн хүсэл шунал гэх үү. Манай эх орны баялаг хэмжээтэй. Гэтэл тэр бүх хэмжээнээс хэтэрсэн хүсэл, шунал байгаад байвал юу болох вэ. Төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүд, сайд нар, төр толгойж байгаа хүмүүс, бизнесмэнүүд уулыг ам амаар нь авчихсан, арав хорин өрөө хаустай л гэх юм. Энэ бүхэн хүний хэрэгцээнээс хэтэрсэн хүсэл шунал биш байгаа гэдгийг бодох л хэрэгтэй байх.
-Хүмүүст түүнийг нь бодуулдаг, ойлгуулдаг тэр ажлыг яаж хийвэл, хэн хийвэл дээр юм бол?
-Авлигатай тэмцэх газар гэх зэрэг хууль, хяналтын байгууллагуудыг маш эрчимжүүлж, хэвлэл мэдэллийн байгууллага тэдний ажилд байнга тусалж дэмжиж, тэр хэрээр олон нийтийн байгууллагын оролцоог сайжруулснаар ардчиллын хэт даврагсад, хэт завхайруулагчид, хэт анархизм болгож байгаа хүмүүсээс үйл ажиллагаагаа чөлөөлж чадах байх гэж бодож байна. Гэхдээ би үүнийг энэ жил ч юмуу, ирэх жил хийчихнэ, сайжруулчихна гэж итгэхгүй байна. Угаасаа бид 1990 оны дундуур өмч хувьчлалынхаа асуудлыг буруу шийдсэн. Дунд нь завхрал их гаргасан. Хэдэн арван жилийн турш бий болгож ирсэн нийгмийн өмчийг арга заль, овжин мэхээр хувьдаа авч завшаад, тэрнийгээ бизнес болгоод, өргөжүүлсэн ийм шударга бус тогтолцоог, байдлыг арилгана гэдэг нэлээн хүч, хугацаа шаардсан ажил. Яагаад гэвэл, аав нь авлигачин байсан бол авлигын хөрөнгөөр өсч дэвжсэн гэр орон, үр хүүхэд, хүмүүжил нь байна. Тэднийд шинээр орж ирсэн хүргэн, бэр байна. Тэр багт орж хамтарсан найз нөхөд байна. Ингээд тэр үүр, уурхай улам л өргөжин тэлээд байж байгаа. Энэ үр хөврөлтэй тэмцэнэ гэдэг амаргүй. Ямарваа нэгэн өвчнийг тан, эм ух хэмжээнд дарж болно. Бас мэс засал хийж эмчлэхээс өөр аргагүй болсон өвчин байна. Эсвэл ямар ч эмчлэгдэх аргагүй өвчин байдаг.
Хууль завхруулж байгаа бүлэг хүмүүстэй яаж амь хайргүй тэмцэж байгааг киноноос бид хардаг. Урамтай сайхан ялан дийлэхэд нь гоё байдаг. Кино бол кино. Гэхдээ амьдрал дээр ч гэсэн тэмцэх хэрэгтэй. Мэргэжлийн өндөр түвшинд, чадалтай, ухаантай авъяастай, хүчтэй, хурдан, шударга залуус, хүмүүсээр Авлигатай тэмцэх газар эгнээгээ бэхжүүлж хурдтай тэмцэх хэрэгтэй. Нийгмийг завхруулж, эмх замбараагүй болгож байгаа хүмүүстэй тэмцэх нь дайсантайгаа тулалдаж байгаатай адилхан. Дайсан ухаантай байвал түүнээс илүү ухаантай, зальтай байвал тэрнээс илүү зальтай, хүчтэй байвал тэрнээс илүү хүчтэй байх ёстой. Дайснаа ялж байж л талархал хүлээнэ. Ялагдаад байвал хэзээ ч талархал хүлээхгүй. Яавал ялахыг бодох хэрэгтэй байхаа л гэж хэлмээр байна.
Нөгөө талаар шууд дуудаж, шийтгэл хүлээлгэхээр тийм хүмүүсийг сонин хэвлэлээр үндэсний болон ардын баатар мэтээр өөгшүүлэн, тийм мэдээлэл өдөр тутам урсаж байна. “Тэр хүн төчнөөн уулын амыг авч гэнэ, тийм банкнаас тэгж зээл аваад, тэгсэн гэнэ” гээд л. Сайн талын, эерэг талын баатрууд мэтээр хууль завхруулагчдыг сурталчилж, мэдээлэл цацагдаж байхад юм ойлгоогүй өсвөр насныхан, залуу үеийнхэн эсвэл ухвар мөчид хүүхдүүд үүнийг буруугаар хүлээж авч, дуурайна. Мэдээлэл бол хүчтэй, хортой зэвсэг байдаг. Хууль завхруулагчдын талаар “Хоёр гурван авгайгаас салж, хоёр гурван банк дампууруулж, хоёр гурван жил шоронд сууж байна” гээд баатарлаг үйлс байгуулсан мэтээр мэдээлэл цацагдсаар байвал залуу үеийнхэн “Би том болоод ийм болох юмсан” гэдэг бодол, төсөөлөлтэй болно. Түүнийгээ хийж, хэрэгжүүлнэ. Ийм л сэтгэхүйг бид үр хүүхэддээ суулгаж байна. Тэгэхээр нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэх, таслан зогсоох үүргийг ганц нэг байгууллагад ачаа болгож үүрүүлчихээд, өөрсдөө тэр ачааг нь улам хүндрүүлээд байвал ямар ч их цаг хугацаа байсан хангалтгүй, бид хүссэндээ хүрч чадахгүй.
-Хэвлэл мэдээллийнхнийг дөрөвдэх засаглал гэдэг. Энэ ч утгаараа нийгэмд байгаа саар мууг шүүмжилж, засан залруулахын төлөө дуу хоолойгоо гаргадаг хүмүүс нь сэтгүүлчид. Тэгэхээр сэтгүүлчдэд шударга ёсны төлөө тэмцэхэд үүрэх ачаа байгаа болов уу. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Сэтгүүлч хэнээс ч хараат бус байж, хэний ч ашиг сонирхлыг илэрхийлэхгүй ажиллавал ямар ч нийгмийг өөрчилж чадах тийм их хүчтэй. Сэтгүүлч хүн гэдэг ийм хүчтэй, ийм эрүүл байдаг гэдгийг нийгэмд мэдрүүлэх хэмжээнд хүртэл дуу хоолойгоо гаргаж, тэмцэж ажиллах нь энэ нийгэмд, энэ нийгэмд гэлтгүй ер нь аль ч нийгэмд сэтгүүлчдийн үүрэх ёстой ачаа болов уу. Сэтгүүлч бүр өөрийнхөө зориг зүрх хаана очоод дуусах тэр хүртэл явах л ёстой байх. Гэхдээ замаас нь чихэр, зайрмаг авах уу гээд байвал түүнийг дагаад явчихаж магадгүй л юм.
Шударга ёс ярьсан хүн хэзээ ч гуйлгачин болдоггүй болохоор замд таарсан чихэр, жигнэмэг рүү тэгтлээ дурлаад байхгүй биз дээ. Ер нь сэтгүүлч, уран бүтээлч хүмүүс эдийн засаглаг сэтгэлгээтэй хүмүүсээс өөр байдаг. Тэдэнд эд материал цуглуулж, шүтэж амьдрах сэтгэлгээ бараг байхгүй. Тэгэхээр шударга ёсны төлөө явж, өөрт оногдсон ачаагаа үүрэх хүмүүс нь сэтгүүлчид, уран бүтээлчид юм. Гарцаа байхгүй мөн.
-Та авлига, албан тушаалын хэргийн талаар анх дуугарч, уран бүтээлдээ тусгаж, хүмүүст хор уршгийг нь таниулж байсан олон сэтгүүлчдийн нэг. Гэвч сүүлийн үед таны уран бүтээл энэ сэдвээс нэлээд хөндий болоо юу даа?
-Тийм ээ, 1995 онд авлига гэж анх дуугарч, цуврал нэвтрүүлэг хийж хүргэж байлаа. Тэр үед нийгэм ер нь авлига байгаа билүү гэж гайхаж хүлээж авч байсан. Тэр байтугай 2000 онд ч бас тийм л байсан. Гэвч, гэнэнэтхэн байшин барилга бурзайгаад, өөрт нь байхгүй, хэзээ ч байж болохгүй тийм их хэмжээгээр хүмүүс баялагтай болоод ирэхээр, итгэмээргүй амжилтад хүрээд ирэхээр хүмүүс анзаарч эхэлсэн. Амжилт ч биш юм даа. Эд хөрөнгөтэй, баялагтай болоод ирэнгүүт хүмүүс Монгол ийм баялагтай, монголчууд ийм их баян байсан юмуу гэж гайхсан. Яваа яваандаа хүмүүсийн татварын мөнгө хаашаа явдаг, улсын сан хөмрөгийн мөнгө хэний гарт төвлөрдөг, тэр мөнгөнөөс ямар замаар авч болдог, үржүүлж болдог, тэр эрх мэдэлрүү яаж тэмүүлцгээдэг, тийшээ очихын тулд яаж алалцдаг гээд нүдэн дээр ил болоод эхэлсэн. Нүдэнд харагдахгүй байсан зүйлс нүдэнд харагдаад эхлэхээр хүмүүс авлига авч, албан тушаалаа ашиглаж баяжиж болдог гэдгийг ойлгож, бараг тийм нийгмийг байгуулах гээд эхэлсэн.
Эцэг эхчүүд үр хүүхдээ цэцэрлэгт нь явуулахдаа багшдаа өгөөрэй гээд чихэр өгдөг болсон. Үр хүүхдээ сургуульд ороход нь юмуу, төгсөхөд нь багшид нь хивс авч өгдөг болсон. Энэ үед Го.Бадарч бид хоёр хамтраад “Эцэг эхчүүдээ, үр хүүхэддээ багшдаа өгөөрэй гээд чихэр, хивс өгдгөө бодоорой” гээд нэвтрүүлэг хийж байсан. 1998 онд нэвтрүүлэг хийгээд Яармагийн нэг сургууль дээр очиход их олон хүүхэд хивс дамжилсан орж ирж байсан. Багшдаа бэлэглэх гэж байгаа гээд. 1990-ээд оноос бид ингэж бүхэл бүтэн үе, армийг бэлтгэжээ. Энэ бүхнийг яагаад ярив гэвэл, нуугдаад байгаа далд хүмүүстэй байлдахаас гадна, өсвөр үе хүүхэддээ бид ямар үлгэр нөлөө, ямар хүмүүжил үзүүлж байгаагаа алхам тутамдаа бодож, тэднийгээ ядаж ирээдүйд авлигад дасан зохицсон хүмүүс болгож хүмүүжүүлэхгүйн төлөө анхаараах ёстой юм. Энэ залуу үе маань дээр хэлсэнчлэн, цаглашгүй их бэлэг сэлт, магтаал, хөөрцөглөл, бие биенээ урамшуулж шагнаж байгаа энэ байдлыг гоё сайхан, баатарлаг үйлс гэж даган дуурайж, төлөвшвөл юунд хүргэх вэ гэдгийг бодмоор юм байна лээ.
Уран бүтээлийн хувьд гэвэл, нийгмийн сайн сайхны төлөө, өсвөр үе хүүхэддээ зориулсан нийтлэл, нэвтрүүлгийг олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хийж байгаа.
Ц.Шижир